Л.Эрхэмбаяр: 29-нөөс өмнө АН-д бусад нам нэгдэх санал гаргаж болно

2016.04.20 Лхагва №045 /2076/

С.ШИЙЛЭГТӨМӨР

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр мэдээлэл хийж ҮЗХ-ныхоо шийдвэрийг танилцууллаа. ҮЗХ-ны хурлаараа АН 2016 оны УИХ-ын сонгуульд аль нэг намтай эвсэхгүйгээр дангаараа оролцох шийдвэр гаргажээ. Харин сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд бүртгүүлэх хүртэл буюу энэ сарын 29-нөөс өмнө аль нэг улс төрийн хүчин АН-д нэгдэх боломжтой гэдгийг хэллээ. ҮЗХ-ны хурлаараа хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь мөрийн хөтөлбөр юм. Эрх баригчид ирэх сонгуульд өмнөх сонгуулиар дэвшүүлсэн “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрөө баяжуулан өргөжүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ийнхүү товчхон мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 
-Мөрийн хөтөлбөрийнхөө аль салбар, чиглэлийг илүү баяжуулсан юм бэ?
-Эдийн засгаа илүү тэлэх чиглэлд анхаарсан. Ингэх юм бол ард иргэдийн амьдрал сайжирна. Байгаагаа хуваах биш бүтээн байгуулчихаад сайхан амьдаръя гэсэн зорилтод суурилсан. 
-ҮЗХ-ны ирц хэдэн хувьтай байсан бэ. Х.Баттулга гишүүн ҮЗХ-ныхоо хуралд оролцоогүй гэж үнэн үү?
-ҮЗХ-ны хурал 63 хувийн ирцтэй байсан. Ирц илүү нэмэгдэх боломжтой байлаа. Гэвч аймаг, нийслэлийн намууд хурлаа хийж таарсан. Тийм учраас зарим аймгийн ҮЗХ-ны гишүүд хуралдаа ирж чадаагүй. Х.Баттулга гишүүн хуралдаа оролцоогүй. Яагаад ирээгүй, юу болсон талаар онцолж асуусангүй. Бусад хүний л адил ҮЗХ-ны гишүүн шүү дээ.
-2012 оны сонгуулиас хойш хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хэдэн хувьтай байна гэж дүгнэсэн бэ?
-Өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бид зүйл, заалт бүрээр нь авч үзсэн. Өнөөдрийн байдлаар хэрэгжилт нь 90 гаруй хувьтай байна гэж дүгнэсэн. Хууль, эрх зүйн салбарт хийсэн шинэчлэлээс эхлээд 100 хувийн биелэлттэй ажил олон байна. Харин эдийн засгийг улам дээшлүүлж тэтгэе гэсэн зорилт маань ашигт малтмалын үнийн уналттай холбоотойгоор санасан хэмжээнд хүрээгүй.
-Цэцийн шийдвэрээс хамаарч сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж магадгүй байна. Танай нам үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн хууль бараг өөрчлөгдөхгүй байх. Одоогийн байдлаар АН дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчилье гэсэн нэгдсэн байр суурь алга.
-ҮЗХ-ны хурлаараа таныг жинхлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан. Хэлэлцээгүй юм уу?
-АН-д сонгуулиас өмнө шийдвэрлэх нэлээд хэдэн асуудал бий. Тухайлбал, нэр дэвшигчдээ яаж тодруулах вэ, жагсаалтаа яаж эрэмбэлэх вэ, аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ вэ, ерөнхий нарийн бичгийн даргаа батламжлах уу гэх мэт олон асуудал шийдлээ хүлээж байна. Тиймээс ойрын хугацаанд ҮЗХ дахин хуралдана.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.