Оросууд Шүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг “царцаасан” уу

2016.02.29 Даваа №023 (2054)

ОХУ Монголд УЦС барихыг эсэргүүцсээр байна

Х.БАТСАЙХАН

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донскойн “Бидний хүчин чармайлтын үр дүнд Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг царцааж чадлаа” гэсэн мэдэгдлийг пүрэв гаригт хийжээ. Тэрээр “Одоогийн байдлаар энэ төсөл тийм ч идэвхитэй биш байгаа. Санхүүжилт байхгүй, төслийн хувь заяа цаашдаа яаж эргэхийг монголчууд өөрсдөө ч мэдэхгүй байна. Харин бид өөрсдийн зүгээс өгөх ёстой материалаа өгөөд, үнэлгээ хийлгэх хүсэлтээ гаргачихсан. Цаашдаа энэ асуудлаас анхаарлаа салгахгүй” хэмээн мэдэгджээ. Үүний дараа хойд хөршийн цахим хэвлэлүүдэд “Монголын барих гэж байгаа усан цахилгаан станцын төслийн санхүүжилт царцсан” хэмээн мэдээлж эхэлсэн юм. Оросууд судалгаа хийгээд Байгаль нуурын усны төвшин өнгөрсөн жил 11 см-ээр доошилсныг илрүүлжээ. С.Донскойн хэлээд байгаа “материал” гэдэг нь чухам энэ судалгааны үр дүнгийн тайлан бололтой. 
Монголын Засгийн газар Сэлэнгэ мөрөн дээр 300 мВт-ын хүчин чадалтай Шүрэнгийн УЦС барих төслийг 2012 оноос эхлэн хөөцөлдсөн. Зэрэгцээд ОХУ зогсоохоор хариу арга хэмжээ авч ирсэн ч Дэлхийн банк тэдний эсэргүүцлийг үл харгалзан төслийг санхүүжүүлэхээр болсон юм. Оросуудын эсэргүүцсэн шалтгаан нь усан цахилгаан станц “Сибирийн цэнхэр нүд” гэгдэх, дэлхийн цэнгэг усны нөөцийг 20 хувийг өөртөө агуулдаг Байгаль нууртай холбоотой. Нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр баригдсан усан цахилгаан станц нуурын экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолд оршиж  байв. Нэг талаас харахад, Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах шаардлагатай, үүнд өөрийн орны гол мөрнийг ашиглаад байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгоход ямар ч саад үгүй мэт. Гэвч монголчуудыг “нээнтэг”-лэх шалтгаан оросуудад бас байв. Тэр нь, “шилжилтийн” гэгдэх 90-ээд оны хүнд үед хоёр улсын хооронд байгуулсан Усны конвенц байлаа. ЗХУ задарч, тусгаар улсууд болсны дараа ОХУ хил дамжиж урсдаг гол мөрөн усны нөөцийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудтай байгуулж эхэлсэн байдаг. Гэтэл манайх ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаагүй мөртлөө 1995 онд ОХУ-тай ийм гэрээ байгуулж орхижээ. Чухам энэ конвенцид тэрхүү Сэлэнгэ, түүний цутгал голуудтай холбоотой заалт орсон аж. Эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт шаардлагатай тэр үед эрх баригчид энд тэнд очиж хэдэн валют буцалтгүй тусламжаар аваад оронд нь элдэв санамж бичигт гарын үсэг зурж, конвенцид нэгддэг байсныг бүгд санаж байгаа байх. Гэтэл тэр нь алсдаа хөгжил дэвшлээ хааж боогдуулах үр дагавар авчрах учиртай байжээ. Оросууд мэдээж, тэр шижмээсээ сайн гэгч нь атгасан. ОХУ-ын Байгаль далайн усны нөөц баялгийг хариуцсан холбооны агентлагийн тэргүүн Ольга Колобеец гэгч эмэгтэй Шүрэнгийн цахилгаан станцын төсөлтэй холбогдуулж өгсөн ярилцлагадаа “Бид ОХУ Монгол хоёр улсыг дамжин өнгөрдөг гол мөрнүүд дээр ямар ч байгууламжийг ОХУ-ын оролцоотой, хамтарсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалж байж шийдэх тохиролцоотой. Гэвч одоогийн байдлаар бид Шүрэнгийн цахилгаан станцыг байгуулах асуудлаар Монголын талаас нэг ч нааштай санал хүлээж авсангүй. Асуудлыг хамтарч шийдэх чигт Монголын тал санаачлагагүй хандаж байна. Тэд бас тохиролцооныхоо чиг шугамыг гэнэт өөрчлөх дутагдлыг гаргаж байна. Сэлэнгийн цутгалуудын нэг Эгийн голын усан цахилгаан станцыг монголчууд дураараа барьсан. ОХУ-тай зөвшилцөөгүй” хэмээн ярилцлага өгснөөс үүнийг харж болно. 
Өнгөрсөн хугацаанд хоёр талаас ажлын хэсэг гаргаж олон уулзалт хийсэн. Хамтарсан судалгааны баг гаргаж, судалгаа ч хийсэн байх. Гэсэн ч манай улс байр сууринаасаа ухраагүй. Буриадын Ерөнхийлөгч Н.Наговицын, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч айлчлаад асуудлыг эргүүлж дөнгөөгүй билээ. Үүнд гомдсондоо ч гэх үү, сүүлийн үед Оросын хэвлэлүүд энэ сэдвийг хөндөхдөө Монгол Улсын өрийг удаа дараа хөнгөлсөн талаараа дурддаг болчихоод байгаа. “Оросууд монголчуудыг ингэж хайрлаж байхад монголчууд эргээд өр өшиглөж байна” гэсэн санаа илэрхийлж байгаа хэлбэр бололтой. Гэхдээ манай тал бас  ч “бул чулуу” шиг байрандаа суугаад байгаагүй. Оросын хэвлэлүүд “Монголын сайд Шүрэнгийн цахилгаан станцыг зогсоох гэрээнд гарын үсэг зурлаа” гэж мэдээлэн шуугиан тарьж байсан удаа бий. Үнэндээ тухайн үеийн БОНХ-ийн сайд С.Оюун хамтарсан ажлын хэсэг байгуулан байгаль орчны нөлөөг судлуулахаар тохирсон байсан. Үнэн хэрэгтээ Монголын тал “Монгол бол хөрсний ус багатай, эрчим хүчний хэрэглээ нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа улс. Сэлэнгэ бол манай мөрөн. Бид ашиглах эрхтэй. Усан цахилгаан станц баригдсанаар байгаль орчин, экосистемд сөргөөр нөлөөлсөн туршлага манай оронд одоогоор гараагүй байна” гэсэн хариу өгч байв. Энэ байр суурин дээрээ одоо ч бат зогсч буй.  
С.Донскойн мэдэгдлийн тухайд, Байгаль нуурын усны төвшин 11 см-ээр доошилсон баримт  усан станцын төслийг зогсоох хэмжээний үр нөлөөтэй байх эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэвч Дэлхийн банк материалыг нь хүлээж авсан бол судалж таарна. С.Донскойн хэлснээр, энэ хооронд санхүүжилт хийгдэхгүй бол манай талд хохиролтой нь мэдээж.  Шүрэнгийн усан цахилгаан станцын хүчин чадал Тайширынхаас бараг 30 дахин илүү. “Тайшир”-ын усан цахилгаан станцад Дэлхийн Цэвэр хөгжлийн механизмаас хүлэмжийн хийг бууруулсных нь төлөө жилд 500 мянган ам.доллар төлдөг гэсэн мэдээ бий. “Шүрэнгийн усан цахилгаан станц”-ын хэмжээг Тайширынхтай зүйрлэвэл, Цэвэр хөгжлийн механизмаас жилд 15 сая ам.доллар орж ирэх боломжтой гэдгийг хялбархан тооцоолж болно.  
Байгаль орчинд ч ноцтой хор уршиг тарих магадлал бага. Төслийн тоо баримтаас харвал, Шүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар Сэлэнгэ мөрөн дээр найман километр өргөн, 50 километрийн урттай усан сан үүснэ. Баригдсанаас хойш жилийн дотор дүүрэх боломжтой гэсэн тооцоог инженерүүд нь хийсэн бөгөөд усны мэргэжилтнүүд “Шүрэнгийн усан цахилгаан станц” манай улсын усны менежментийн төслүүдийн жишиг болох бүрэн боломжтой” гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барьж байгаа нь ОХУ руу гараад явчихдаг усаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй хэрэг юм. Дашрамд Шүрэнгийн усан цахилгаан станцын усан сангаас газар тариалан, хот суурин газрыг усаар хангах, эрэг дагуу аялал жуучлал хөгжүүлэх бүрэн боломжтой аж. Манайхыг эрс эсэргүүцээд байгаа ОХУ өөрсдөө цахилгаан станцын усан сангаа иймэрхүү олон хэлбэрээр ашигладаг юм.

Д.Дэлгэрцогт: Шүрэнгийн УЦС-ыг барих нь Оросын биш, манай улсын эрх ашиг

Г.НЯМ

Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийг царцааж, зогсоолоо гэх мэдээлэл ОХУ-ын зарим хэвлэлд гарсан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоос тодруулга авлаа. 

-Монгол Улсын Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийг царцааж, зогсоолоо гэсэн мэдээллийг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нь хийсэн байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-ОХУ-ын талаас манай улсад явагдаж байгаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргаж чадахгүй шүү дээ. Хоёр улсын хоорондын харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээр гээд олон нарийн зүйл бий. Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр янз бүрийн төрийн бус байгууллагууд байгальд сөргөөр нөлөөлнө гэх зэрэг санал санаачилга дэвшүүлж ярьсан байх. Түүнээс хоёр улсын Засгийн газрын хооронд яригдсан албан ёсны зүйл нэгээхэн ч байхгүй. 
-Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн баг татан буугдсан байгаа гэсэн биз дээ?
-Төслийн баг бүрмөсөн татан буугдсан гэж ойлгож болохгүй. Урсгал зардлаа батлуулж чадаагүй учраас Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан хүмүүсийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл дээр ажиллуулж байгаа. Адилхан усан цахилгаан станц учраас давхар судалгаа хийгээд явах боломжтой юм. 
-Тэгэхээр энэ төсөл зогсоогүй, үргэлжилж байгаа гэсэн үг үү?
-Сангийн яам дээр Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн чадавхийг бэхжүүлэх төсөл гэж байгаа. Манай яам тус төсөлд хамрагддаг. Тийм учраас Дэлхийн банкны шугамаар ТЭЗҮ нь хийгдээд явж байгаа. Уг нь Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг дээр үед оросууд хийчихсэн байсан юм. Гэхдээ орчин үеийн технологийн шинэчлэл зэрэгтэй холбогдуулан тус ТЭЗҮ-ийг сайжруулах шаардлагатай болсон. Ингээд сайжруулаад дуусчихвал хөрөнгө оруулагч татах дараагийн асуудал яригдана.
-Дэлхийн банк ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа вэ?
-Дэлхийн банкны  Уул уурхайн дэд бүтцийн чадавхийг бэхжүүлэх төсөлд Шүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулах зардлыг суулгаж өгсөн байгаа. Түүний хүрээнд ажил явж байна. 
-Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг тодруулж болох уу?
-Эгийн голын усан цахилгаан станцын хөрөнгө  оруулалт 800 гаруй сая ам.доллар байгаа. Түүнээс хүчин чадлын хувьд Шүрэнгийн усан цахилгаан станц арай бага учраас хөрөнгө оруулалт нь 400-500 сая ам.доллар болох байх.  Харин ТЭЗҮ-ийг нь боловсруулахад 700-800 мянган ам.доллар шаардагдаж байгаа. 
-Одоогийн байдлаар ямар хэмжээний хөрөнгийг зарцуулчихаад байна вэ?
-Газар дээрээ хөрөнгө зарсан зүйл байхгүй. ТЭЗҮ боловсруулах төвшинд л явж байна.  
-Оросуудын зүгээс Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэх зүйлийг яриад байгаа байх аа?
-Тийм. Оросуудын зүгээс дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нуур орчмын экологид сөргөөр нөлөөлнө гэх асуудлыг тавьдаг. Гэхдээ Засгийн газар хоорондын комисс дээр асуудал болгож дэвшүүлж, ярилцаад шийдвэрлэсэн зүйл байхгүй. Ойлголцлын төвшинд л яригддаг юм. Тэгэхээр энэ асуудлаар ОХУ-ын холбогдох албан тушаалтан хориглох тушаал гаргахгүй байх. Харин олон нийтийн санаа бодол дээр түшиглэсэн байр суурийг бол илэрхийлж болно шүү дээ.
-Зөвхөн Байгаль нуурын экосистемд бус ОХУ-аас авах эрчим хүчний хэмжээ буурах учраас эсэргүүцээд байгаа гэсэн мэдээлэл гарсан шүү дээ?
-Мэдээж ОХУ-аас авах эрчим хүчний импортын хэмжээ багасна. Тийм яриа ч гарч байгаа. Гэхдээ энэ бол бизнесийн жижиг сонирхол. Энэ сонирхол тодорхой хүрээнд байгаад, бизнес групп нь лоббидоод гэдэг юм уу төр засгаараа шийдвэр гаргуулаад, хамгаалуулах явцуу эрх ашиг байхыг үгүйсгэхгүй. Харин бидэнд бүхэл бүтэн улс эх орны эрх ашиг байна шүү дээ. Тиймээс бид мөн өөрсдийгөө хамгаалаад олон улсын хөрөнгө оруулагч олоод ажиллах хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг.  
-Ер нь Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл зогсох эрсдэл байгаа юу?
-Томоохон хэмжээний усан цахилгаан станц барих шаардлага бидэнд бий. Энэ нь Монгол Улсын бие даасан эрчим хүчний системийн найдвартай ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Энэ үүднээсээ социализмын үед төлөвлөж байсан Шүрэнгийн усан цахилгаан станц болон 1998, 1999 оноос яригдсан Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахаар ажиллаж байна. Аль нэг нь ямар нэгэн байдлаар хэрэгжих нь манай эрчим хүчний системд маш чухал. Усан цахилгаан станц нь агаарын бохирдлоос гадна эрчим хүчний системд тохиргоо хийх боломжтой гэдгээрээ өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хувьсамтгай хэрэглээг кноп дараад л тохируулчихдаг. Жишээлбэл, манай IV цахилгаан станц найман турбинтэй. Нэг турбинийг нь зогсооход дор хаяж 72 цаг шаардагддаг. Мөн дахиж асаах зэрэг хугацаанд маш их зардал гардаг юм. Ингээд үзэхээр манай улсын эрчим хүчний систем хараахан бие даасан болж чадаагүй байна гэсэн үг. Харин усан цахилгаан станцтай болчихвол энэ байдал засагдах юм. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний бодлого. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд баримт бичиг бусад зүйлээ УИХ-аар батлуулаад явж байна. Янз бүрийн буруу, зөрүү ойлголт, саад бэрхшээлийн тухай яриа үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхнийг зөв шийдэж ажиллах нь улс орон, ард түмэнд хэрэгтэй. 
-Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцаас өөр томоохон хэмжээний усны эх үүсвэр байгаа юу?
-Энэ хоёроос өөр том хэмжээний эх үүсвэр байхгүй байгаа. Гэхдээ зохицуулалтын шинж чанартай эх үүсвэр байж болно. Өөрөөр хэлбэл, усан сан байгуулаад шөнийн цагаар буюу эрчим хүч хямд байх үеэр уулын орой руу усаа татаад түүнээсээ эрчим хүч гаргаж авч болно гэсэн үг. Үүнийг усан цэнэгт станц гэдэг. Эрдэнэтийн болон Био комбинатын бохир усыг ашиглаад ийм усан цэнэгт станц барих төсөл орж ирсэн байгаа. Тооцоо судалгаа хийгдэж байна. Мөн зөвхөн усан цахилгаан станц бус салхи, нарнаас гаргаж авах томоохон хэмжээний эрчим хүчний төслүүдэд судалгаа хийгдэж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.