Д.Цогтбаатар: 10 болгочихсон урьдчилгааг 20 хувь болгож өсгөлөө

2016.02.08 Даваа №016 (2047)

С.ШИЙЛЭГТӨМӨР

Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа. 

-Та Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тухай анх ярьсан. Энэ нь зөвхөн таны санаа байсан юм уу? 
-Юу гэж зөвхөн би өөрөө бодож олсон зүйлээ Засгийн газар, Барилга, хот байгуулалтын сайдын нэрээр ярих билээ дээ. Би ямар сахилгагүй жаахан хүүхэд биш. Бүх талаас нь судалж, Засгийн газрын төвшинд ярьж хийсэн зүйл. Бүр Ерөнхий сайд “Шийдлийн цаг” уулзалтын үеэр С.Эрдэнэ сайд бид хоёртой уулзаад өгсөн үүрэг даалгаврын дагуу анх удаа би орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах талаар ам нээсэн юм. “Шийдлийн цаг” уулзалтын дараа Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба надаас “Орон сууцны зээлийн талаар ямар үүрэг даалгавар авав” гээд асуухаар нь Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох талаар анх ярьсан. Түүнээс өмнө би Ерөнхий сайд болон бусад сайд нартайгаа ийм боломж байна гээд ярьж байснаас биш хэвлэлд ам нээгээгүй байлаа.
-Тэгээд ярьсан зүйлээ албан ёсоор ажил хэрэг болгох боломж гараагүй юү?
-Хийсэн ш дээ. Урьдчилгааг 10 хувь болгохоос гадна зээлийн хугацааг нь уртасгаад 30 жил болгосон Засгийн газрын журам гарсан шүү дээ. Зөвхөн урьдчилгаа төлбөрийг бууруулахаар зээлдэгчдэд тавигдах шалгуур нь өндөрсөнө гэж яриад байгаа юм. Үүнийг чинь тооцоод зээлийн нийт хугацааг нь 30 жил болгох шийдвэр гаргасан юм. Өмнө нь 70 хувиа 20 жил төлдөг байсан бол 90 хувиа 30 жил төлдөг болгосон байхгүй юу. Өөрөөр хэлбэл, өрхийн орлогод тавигдах шаардлага, сард төлөх мөнгөний хэмжээ бараг хэмжээндээ үлдэхээр зохицуулсан байсан. Бидний хийсэн бас нэг тооцоо бол урьчилгаа төлбөрийг 10 хувь болгож хугацааг нь 30 жил болгосон шийдвэрийг одоо зээлтэй байгаа хүмүүст буцааж үйлчлүүлэх шаардлагагүй гэдэг тооцоолол байсан. Харин одоо хүүг нь таван хувь болгож бууруулахаас гадна өмнө нь авсан бүх зээлийн хүүг тав болгож бууруулахаар зээлийн сангийн хөрөнгө их хэмжээгээр буурна. Тиймээс орон сууцны зээлийг таван хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэхийн тулд их хэмжээний санхүүжилт хэрэгтэй болно. Харин бидний тооцооллоор урьдчилгааг нь 10 хувь, хугацааг нь 30 жил болгоход 200 тэрбум төгрөг л шаардлагатай байсан юм. 2016 оны төсөвт 90 тэрбум төгрөгийг нь суулгачихсан байгаа. Тиймээс үүнийг өөрчилж болохгүй, хэрэгжүүлэх ёстой байсан. Эсвэл 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой.
-Одоо АН-ын даргын ярьж байгаа хувилбараар орон сууцны зээлийг үргэлжлүүлэхэд санхүүжилт хэр их шаардагдах вэ?
-Зээлийн хүүг бууруулна гэдэг бол урьдчилгаа төлбөрийг бууруулахаас илүү их зардалтай. Үүний ард ямар хэмжээний мөнгө шаардлагатай талаар сонсоход их том тоо сонсогдож байна лээ. Уг нь тийм их санхүүгийн боломж байгаа юм бол урьдчилгаа төлбөрийг нь 10 хувь болгоод 20 хувьд нь баталгаа гаргаад ипотекийн зээлийг үргэлжлүүлэх юм бол зээлийн сангаас нэг ч төгрөг хорогдохгүй. Харин ч арвижаад олон хүнд өгөөжөө өгөх байсан юм. Тэр үед бид хүүг бууруулах тухай бодоогүй биш бодож байсан. Хамгийн гол нь манай намыг Засгийн газарт орж ажиллах үед инфляцын төвшин хоёр оронтой тоонд байлаа. Зээлийн хүүг бууруулах талаар ярих боломж байгаагүй гэсэн үг. Хэрэв би үндэслэлгүй юм ярьдаг байсан бол зээлийн хүүг бууруулна гээд л ярина ш дээ. 

-Орон сууцны зээлийн урьчилгаа төлбөрийг 10 хувь болгоно гэсэн таны мэдэгдэл байрны борлуулалт зогсоход нөлөөлсөн гэдэгтэй санал нийлэх үү?
-Эдийн засгийн байдал таатай байх үед бий болгосон 30 хувийн урьдчилгаа, найман хувийн хүү, 20 жилийн хугацаа, 80 мВт-ын хязгаарлалтай орон сууцны зээлийн тогтолцоо эдийн засаг таагүй болох үед явахаа больчихсон байсан. Намайг сайд болонгуут барилгын салбарын төлөөлөл, МҮХАҮТ, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон уулзаад “Орон сууцны зээлийн гацааг арилгахгүй бол болохгүй нь. Тиймээс богино хугацаанд тодорхой арга хэмжээ авч өгөөч” гэж хүсэлт тавьж байсан. Тухайн үед арилжааны банкуудаар сард орон сууцны хэдхэн зээл гардаг байлаа. Үүнийг дагаад орон сууцны борлуулалт зогсчихсон байсан. 2014 онд ашиглалтад орсон орон сууцнуудаас үлдсэн 7000 дээр нэмээд 28 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. 7000-ыг шингээж чадаагүй зах зээл түүнээс дөрөв дахин ихийг шингээж чадахгүй биз дээ. Түүнээс биш би зогсоочихсон юм биш. Харин орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэр нь гараад санхүүжилт нь төсөвт батлагдчихсан байхад хэрэгжүүлээгүй. Яагаад хэрэг­жүүлэхгүй байсны шалтгаан нь одоо л тодорч байх шиг байна. МАН-ын санаачилсан зүйлийг хэрэгжүүлж болохгүй, өөр болгож байж хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн юм байна. Энэ бол цэвэр улс төр. Явуулахгүй байлгаж байгаад сонгуулийн өмнө явуулах гэж байна. Энэ чинь танхимынхаа бусад сайд, Монголбанктай ярилгүйгээр гаргасан, зөвхөн миний шийдвэр биш шүү дээ. Зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь, хугацааг нь 30 жил болгохтой холбоотой хоёр шийдвэр гарсан байдаг юм. Үүнийг нэг нь Ерөнхий сайд, Сангийн сайд нарын гарын үсэгтэй. Нөгөө шийдвэр дээр нь Ерөнхий сайд бид хоёрын гарын үсэг бий.
-Таны хэлж байгаа энэ шийдвэрүүдийг хэрэгжүү­лэхгүй нь тодорхой болсон. Та харин одоо хэрэгжүүлэх гэж байгаа хувилбарыг нь дэмжиж байгаа юу?
-Зээлийн хүүг бууруулахыг дэмжиж байгаа. Харин эдийн засаг хямралтай үед бууруулж байгаа нь зөв үү, буруу юу гэдгийг бодох л ёстой. Урьчилгааг бууруулах, хүүг бууруулах хоёр маш их ялгаатай. Хүүг бууруулснаар зээлийн сангийн хөрөнгө буурна. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэлтийн хөрөнгө нь багасна гэсэн үг. 30 хувийн босгыг даваж чадахгүй хүн олон байдаг учраас бид 10 хувь болгосон юм. Харин одоо хүүг нь таван хувь болгохоор түүнд санхүүжилт их хэрэгтэй учраас урьдчилгаа төлбөрийг нь 20 хувь болгож байх шиг байна. МАН Засгийн газарт ажиллаж байх үед 10 хувь болгосон урьдчилгаа төлбөрийг өсгөж 20 хувь болголоо. Түүнээс биш 30 хувь байсан урьдчилгаа төлбөрийг 20 болгож бууруулаагүй юм шүү. Мөн АН-ын дарга зээлийн хүүг бууруулах тухай ярьж эхлэхээс сарын өмнө МАН-аас зохион байгуулсан “Бид хамтдаа” аяны эдийн засгийн хэсгийн 10 дугаар зүйлд  “Ипотекийн зээлийн хүүг бууруулна” гэж оруулаад зорилт тавьчихсан байсан. Удалгүй Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч зээл олголт бүр гацсан. Энэ гацааг гаргахдаа хүүг нь бууруулах талаар давхар ярьж эхэлсэн. Ер нь ипотекийн зээл бол улс төрийн өрсөлдөөний дагуу хүчээр шийдэгдэж байгаа асуудал. Манай намынхан тооцоолохдоо эдийн засаг тогтворжиж орон сууцны зээлийн санхүүжилтэд тодорхой хэмжээний хуримтлал үүссэний дараа хүүг нь бууруулах боломжтой гэж үзэж байсан юм. МАН Засгийн эрх барьж байхдаа зургаан хувийн хүүтэй, 10 хувийн урьдчилгаатай зээл өгч байсан. Гэтэл энэ нь болохгүй гээд найман хувьд хүргэсэн. Харин одоо буцааж буулгаад таван хувь болгож байна. Эцэстээ манай барьж байсан бодлого руу л явж байгаа байхгүй юү.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.