ШАТАХУУН ИДДЭГ ЗАСАГ

2016.01.25 Даваа №010 (2041)

Д.ДАМДИНЖАВ

Шатахууны үнэ ашгүй буурч эхэллээ. Гэвч өсөхдөө маш мэдрэмтгий байдаг нефтийн үнэ ханш буурахдаа яагаад ийм удаан, хойрго, ор нэр төдий байна вэ. Үнэ хэрхэн өссөн түүхийг монголчууд андахгүй. Оросын зах зээл дээр нефтийн үнэ өссөнөөс шалтгаалж, маргааш нь манай компаниуд үнээ нэмэхгүй бол дампуурлаа, алдагдалд орлоо гээд шаагилдаж нэмсээр өнөөгийн таазанд тулсан. Засгийн газрын зүгээс монополь бүхий шатахуун импортлогч компаниудаа аргадаж, үнийг нэмэхгүй тогтвортой байлгаж өгөөч гэж татаас хүртэл өгч ирсэн түүхтэй. Гэтэл буруу даварсан компаниуд бухын хүзүүнээс хатуу гэгч болж, үнээ буулгах нөхцөл байдал хэдийнэ үүсчихээд удаж байхад “Бид шатахууны үнийг тогтвортой байлгах гэрээгээ мөрдөж байна” гэсэн тайлбар тавиад сууж байна. Тогтвортой байлгах үүрэг гэдэг нь үнийг нэмэхгүйтэйгээ адил бууруулахгүй гэсэн логик бололтой. Гэтэл үнийн өсгөх шалтаг, шалтгаан болдог газрын тосны үнэ сүүлийн хоёр жил зогсолтгүйгээр уруудлаа. Яг нэг жилийн өмнөхтэй харьцуулбал, газрын тосны үнэ бараг хоёр дахин буурчээ. 
Газрын тосны үнийн бууралт Азийн орнуудад ч бас нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ буурах нөхцөл болж буй. Харин Монголд нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэд өнөөг хүртэл ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ үнэ 2012 оны сүүлээр тогтсон. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жил гарангийн хугацаанд автобензин, дизелийн түлшний үнэ тогтвортой байгаа. Ямар нэгэн өсөлтгүйгээр олон жил тогтвортой байгаа нь сайн хэрэг ч өнөөдрийн тухайд нефть бүтээгдэхүүний үнэ эргээд буурчихсан байгаа үед зүй нь эргээд өсч байх үеийнхээ төвшинд очих ёстой.

Гэтэл 50-80 төгрөгөөр үнээ буурууллаа гэх мэдээгээр нүд хуураад өнгөрч байгаатай эвлэрч боломгүй. 120 ам.долларын үнэтэй байсан нефть 28 ам.доллар болж буурчихаад байгаагийн нөлөөлөл манайд ийм бага тусч байгаа юм гэж үү. Бид гадаадын зах зээлээс тийм хараат бус болчихсон хэрэг үү гэж эрхгүй асуумаар. Валютын ханш чангарсан гэдэг шалтгаанаар нефть импортлогч компаниуд шатахууны үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөж байсан биш бил үү.  Нефть импортлогч компаниуд үүнд маш зальжин байдлаар хариу тайлбар өгч байна. Бид үнэтэй байхад нь худалдаж авсан шатахууныхаа нөөцийг борлуулж дуусаагүй байгаа учраас үнийг тогтвортой барих амлалтаа биелүүлж байна гэдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дэлхийн зах зээлд нэг баррель нь 28-30 доллар болсон ч үүний нөлөөлөл Монголд одоохондоо орж ирээгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 40, түүний өмнөх сард 45 доллар байсны нөлөөлөл харин орж ирсэн гэх мэргэн тайлбар тэд өгч байна.  
Тэгвэл шатахууны үнэ буурахгүй байгаад ямар ноцтой шалтгаан байна вэ? Засгийн газар нефть импортлогчдоос татвараа ахиу авах бодлого барьж байгаагаас үнэ буурахад сөргөөр нөлөөлж байна гэсэн яриа бий. Үнэхээр ч нефть импортлогч компаниуд үнээ буулгахгүй гүрийсээр байдаг юм аа гэхэд Засгийн газрын зүгээс өдий хүртэл дүлий дүмбэ сууна гэдэг байж боломгүй. Яагаад гэвэл, нефть бол онцгой бүтээгдэхүүн. Манай валютыг гадагш урсгадаг, суурь үнэд нөлөөлдөг бүтээгдэхүүн. Ийм чухал салбарыг төр мэдэлдээ авах ёстой гэж үзэх хэсэг ч байдаг. Гэвч өнөөдөр хувийн компаниудын гарт орж, төр нь тэдний дуулгавартай үйлчлэгч болжээ. Төр онцгой албан татвар нэрээр авдаг мөнгөнийхөө хариулга болгож, шатахууны үнийг бууруулахад шахалт үзүүлж чаддаггүй гэх тайлбарт үнэний ор бий юу.
Уул уурхайн сайд Р.Жигжид үүнийг баталсан шинжтэй мэдэгдлийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн. Тэрээр С.Бямбацогт гишүүний шатахууны үнийг бууруулах талаар тавьсан асуулгад хариулахдаа “Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унаад байхад Монголд тэр хэмжээгээр буурахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Маш сайн ойлгож байгаа, байнга яригддаг асуудал. Онцгой албан татварыг хоёр ч удаа УИХ-аар батлуулж авсан. Татвараа татаж төсөвт төвлөрүүлж, ямар нэг хэлбэрээр ард түмэнд буцаан тэтгэмж тэтгэврээр очиж байгаа” гэжээ. Өөрөөр хэлбэл, ард түмний тэтгэвэр тэтгэмжийг тавихын тулд зайлшгүй хэрэгцээ болох шатахууныг нь өндөр үнээр нийлүүлж байгаа хэрэг болж таарч байна. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эрс шүүмжилсэн. “Уул уурхайн сайд нь Сангийн яамны газрын дарга шиг орлого талын юм яриад сууж таарахгүй. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр өнөөдөр өрсөлдөх чадваргүй байна. Нефтийн үнэ өндөр учраас ийм байдалд хүрсэн. Таныг би эрдэс баялгийн сайд гэж харж байна. Гэтэл онцгой албан татвар тавьчихвал хөгшчүүлийн тэтгэвэр тэтгэмж тавихад нэмэртэй юм гэдэг тайлбар хийж таарахгүй. Онцгой албан татвараар цөөхөн хэдэн төгрөг олж байгаа. Хэрвээ тэрийг тавиагүй бол иргэдийн халааснаас 132 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна. Уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байх, монгол өрхийн зардал буурч байх нь ашигтай юм байгаа биз дээ. Инфляц хоёр хувь боллоо гээд гайхуулаад байна. Монголын инфляц мах, шатахуун  хоёрт л байдаг. Дээр нь доллараа 1400 төгрөгөөр тооцоод солиод сууж байгаа. Ийм дампуу төр байж болдог юм уу?” гэж Л.Энх-Амгалан гишүүн гашуун үнэнийг хатуухан хэлсэн юм. 
Засгийн газар 2012 оноос хойш татварыг 20 дахин, гаалийн татварыг 40 дахин нэмсэн нь шатахууны үнэ буурахгүй байгаагийн бодитой нэг шалтгаан. Гэтэл яг үүнтэй холбоотой нэг сонин гаргалгаа байгаа нь хэрвээ онцгой албан татварыг тэглэсэн тохиолдолд шатахууны үнэ 850 төгрөгөөр нийлүүлэх боломж бүрдэх гэнэ. Тиймд үнийн нэмэгдлийг Засгийн газар үүсгэсэн төдийгүй бууруулах боломж нь ч төр засгийн мэдэлд байгаа ажээ. Эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгараад буй өнөө үед ард түмэнд өндөр үнэтэй шатахуун шахаж, орлогоос нь татвар нэрээр хувь хүртэх төрийн бодлого хэр оновчтой юм бол оо.
Монголын зах зээлд хамгийн тодорхой нэг л зүй тогтол байдаг. Тэр нь хэрвээ шатахууны үнэ буурвал дагаад бүх юмны үнэ буурдаг учиртай. Нийтийн тээвэр, талх, гурил, мах, тэр байтугай нүүрс, нислэгийн үнэ хүртэл хямдарч, ард түмний хэтэвчинд хэмнэлтийн хэдэн төгрөг үлдэнэ. Харин засаг төр нь ард түмэндээ ашигтай байх хувилбарыг бус, төр татвараар хэдэн төгрөг илүү хураадаг байхыг чухалд тооцон сонгожээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж үзсэн төрийн харалган шийдвэрүүдийн нэг нь энэ. 
Түүгээр ч зогсохгүй, үүнийгээ хамгаалж засгийн зүгээс бас нэгэн хачирхалтай байр суурь илэрхийлсэн. Тэр нь юу гэвэл, хэрвээ шатахууны үнийг одоо буулгачихлаа гэхэд эргээд өссөн тохиолдолд юугаа хийж, хуйхаа маажина аа гэдэг онцгой тэнэг тайлбар. Зуд болоогүй байхад тураг турж үхэв гэгч нь энэ юм болов уу. Уул уурхайн сайд Р.Жигжид “Нефтийн үнийн уналт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дагаад савлаад өсч болзошгүй учраас болгоомжтой хандаж байна. Судлаачдын зүгээс явцдаа өснө гэсэн прогноз хийсэн. Тийм учраас сайн судалж байж үнэ бууруулах шаардлага бий” гэж ярьсан юм. Дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөд дагаад л нэмж болдог байж буурахад дагаад бууруулж болдоггүй нь ямар учир байна вэ. Хэрвээ эргээд өсвөл яах вэ гэсэн юм яриад, нэг их сүрхий болгоомжтой, хашир бодлоготон мэт аашлах ямар хэрэг байна даа. Өсвөл буцаагаад л өсгөчихөж болохгүй гэж үү. Сураагүйн зовлон байх биш.
Гэвч одоо шатахууны үнээ дэлхийн зах зээлд буурсан хувь хэмжээгээр нь буулгачихад эргээд огцом өсөх аюул занал ойрын хугацаанд харагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ буурсантай холбогдуулан БНХАУ 41.1, ОХУ 48.2, АНУ 15.1, Вьетнам 28.5, Герман 29.3 хувиар шатахууны үнээ бууруулаад байна. Харин Монголд 2.5 хувиар л буурлаа. Өнөөдөр бид хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байна. Хажууханд минь Хятадад нэг литр шатахууны үнэ 1000, ОХУ-д 900 төгрөг болчихоод байна. Мэргэжилтнүүд дэлхий даяар “занарын хувьсгал” гарч эхэлсэнтэй холбоотойгоор түүхий тосны эрэлт буурсан нь үнэ ийнхүү буурах шалтгаан болсон гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхий бензин, түлшийг түүхий газрын тосноос бус занарын хийнээс гаргаж авах шинэ технологи руу аажмаар шилжиж байна. Ялангуяа АНУ-д занарын шинэ ордууд олноор илэрч, олборлолт нь ч эрс нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор уламжлалт газрын тосны үнэ ийнхүү дэлхий даяар буурч буй, цаашид ч буурах төлөвтэй. 
Тиймээс шатахууны үнийг буурах ёстой тэр цэгт нь хүртэл буулгахад эхлээд төр нь ард олныхоо талд гарч зогсох хэрэгтэй байна. Цөөн хэдэн монополь компанийг ашигтай, алдагдалгүй байлгахын төлөө хангалттай л ажиллалаа, Монголын төр. Одоо болно.

Газрын тосны үнэ цаашид тогтмол бага байна

Х.БАТСАЙХАН

Газрын тосны үнийн уналтыг өнгөц харвал нийлүүлэлт хэт өссөнөөс болсон мэт. АНУ шатдаг занарын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, уламжлалт газрын тос олборлогч компаниуддаа экспорт хийх эрх олгосон, Иран гуравдагч орнуудад экспорт хийхээр болсон, ОПЕК тэргүүтэй  бусад олборлогч тэдэнд зах зээлээ алдахгүйн тулд экспортоо хумьж чадахгүй байгаа зэргээс харвал үнэхээр тийм юм шиг. Гэвч дээр дурдсан нөхцөл байдал нь “тавилттай”, өөрөөр хэлбэл, АНУ Саудын Араб зэрэг холбоотнуудаа ашиглан ОХУ-ын эдийн засгийг туйлдуулах зорилгоор хэрэгжүүлсэн зориудын арга хэмжээ гэсэн дүгнэлт бас хүчээ авч байна. Газрын тосны үнийн бууралт ОХУ-ын эдийн засаг ганхтал үргэлжилнэ, “Хулан наадахад хулганууд сүйддэг” гэгчээр, тэр цагийг хүлээж чадахааргүй эмзэг эдийн засагтай Ирак, Венесуэль улсууд дампуурч ч болзошгүй гэдэг асуудал Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үед хурцаар яригдсан билээ. Харин эсрэгээрээ хэрэглэгч орнуудад том боломж үүссэн. Улс орнууд энэ боломжоо янз бүрээр ашиглаж байна. Шууд үнээ буулгаж, эдийн засгаа эрчимжүүлэх нэг нь байхад тусгай сан үүсгэж, цаашид үнэ нэмэгдсэн үед зарцуулах бодлого барьж байгаа нь ч бий. 
Их гүрнүүдийн толхилцоон дууссаны дараа харин дэлхийн зах зээлийн үнэ мэдээж буцаад сэргэнэ. Гэхдээ “занарын тос” гэсэн бодитой өрсөлдөгч гарч ирсэн учраас хүссэн хүсээгүй өмнөх шигээ өндөр “үсчиж” чадахгүй. 2025 он хүртэл 50-70 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэсэн таамаглалыг дэлхийн тэргүүлэх эдийн засагчид дэвшүүлж байгаа юм. Тиймээс Монголд ойрын үед биш ч гэсэн цаашдаа үнийг буруулж 1400, бүр 1200 төгрөг болгох асуудал яваандаа сөхөгдөх нь зайлшгүй юм. 

Дэлхийн улсуудад шатахууны үнэ буурч байна
Газрын тосны үнэ хамгийн хямд үедээ очсон энэ сарын 18-ны байдлаар дэлхийн улс орнуудад шатахууны үнэ ямар байсныг графикаар харууллаа. Мөн түүнчлэн  газрын тос боловсруулах үйлдвэр байхгүй, 100 хувь импорт хийдэг, эдийн засаг нь тийм ч сайнгүй гэсэн үзүүлэлтийг гол болгон Киргизстан, мөн манайхыг 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд гаргаж байхад зэрэгцээд есөн тэрбум ам.долларын бонд гаргасан Итали улсад шатахууны үнэ сүүлийн нэг жилд хэрхэн өөрчлөгдсөнийг зургаар харууллаа. Манайхтай ижил эдийн засаг сайнгүй, өр шир тавьсан, эрх баригчид нь мөнгө олохын тулд “шуналтвал шуналтахаар” нөхцөл байдалтай гэдгээр нь сонгож авсан болно. Ингэхэд, аль, аль улсад нь авууштай тал анзаарагдаж байна. Тухайлбал, Итали улсад 1.66 ам.доллар байснаа 1.55 ам.доллар болсон. Бууралтын хувь нь шалихгүй ч өсч, буураад, дэлхийн зах зээлийн ханшид харьцангуй мэдрэг болох нь харагдана. Харин Боливид шатахууны ханш огт өөрчлөгдөөгүй ч үнэ нь тэртэй тэргүй дэлхийн дунджаас бага буюу 1000 төгрөгөөр зарагдаж байгаа юм. Ноднингийн өдийд манайхтай ижил буюу 83 орчим центээр шатахуун борлуулж байсан Гүрж улсад үнэ 71 цент болж, 12 цент буюу 15 хувиар буурсан байна. Дэлхийн улс орнуудыг дундажлаад аваад үзэхэд 15-20 хувь буурсан байгаа юм. Огт өөрчлөлгүй ижил хэмжээнд барьсан улс орнууд байгаа ч тэнд шатахууны үнэ манайхаас хамаагүй хямд тогтсон байгаа юм.  

Эрх баригчдад сэтгэл дутаж байна
Монголчууд газрын тосны бүтээгдэхүүний импортыг 100 хувь ОХУ-аас хийдэг байх үед хойд хөрш манайд дэлхийн зах зээлийн үнээс 200-300 ам.доллараар илүү, “тусгай” үнээр өгдөг байсан билээ. Тэр үед эрх баригчид “Дэлхийн зах зээлийн үнээр шатахуун импортлодог болчихвол үнэ хямдруулчихмаар л байна” гэсэн аргаа барсан мэдэгдэл хийдэг байв. Гэтэл олон эх сурвалжаас шатахуун импортолж, ОХУ-аас Сингапурын биржийн үнээр авдаг болсон ч байдал өөрчлөгдсөнгүй. Үнэ буурахгүй байгаа үндсэн шалтгаанууд эрх баригчдаас л гарч байна. Онцгой албан татвар сэргээсэн, хөнгөлөлттэй олгосон зээлийнхээ хүүг нэмсэн гээд л. Аливаа зүйлд сэтгэл их чухал. Эрх баригчид ард түмнээ үнэхээр боддог байсан бол шатахуун импортлогч улсуудад үүсээд байгаа таатай байдлыг ард түмэнтэйгээ жаахан ч гэсэн хуваалцах байлаа. Гэтэл тийм сэтгэл байхгүй, харин ч төсвийн цоорхойгоо нөхөх эх үүсвэр болгон ашиглах болов. Өмнө нь оросууд өндөр үнэ хэлж монголчуудыг шулдаг байсан бол одоо эрх баригчид ард түмнээ шулж байна.

Д.Монхообор: Шатахуун литрлэж зарах нь импортлогчдод ашигтай
Монголчууд нэг тонн шатахууныг ус шиг 1000 литр гэж ойлгоод үнэ өсч, буурахад дээрх ойлголтоороо шилжүүлж болох явдал түгээмэл байдаг. Импортлогчид ч ийм ойлголт өгөхийг хичээдэг. Харин эдийн засагч шатахууныг литрлэж зарах нь импортлогчдод илүү ашигтай байдаг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, “Тонн килограммыг литрт шилжүүлбэл шатахууны үнэ илүү буурах боломжтой“ гэсэн санааг илэрхийлж байгаа юм. 
Бид энэ талаар МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч Д.Монхообороос тодруулсан юм. 
-Шатахууны үнэ хасагдсаны дараа “Тонн килограммыг нь литрт шилжүүлбэл илүү хямдруулах боломжтой” гэсэн яриа гаргах болсон. Ийм боломж бий юу? 
-Би энэ асуултад зөвхөн мэргэжлийн үүднээсээ л хариулъя. Шатахуун бол уснаас хөнгөн гэдэг нь үнэн. Захын шатахуун түгээх станцаас аваад үзэхэд л мэдэгдэнэ дээ. 
-Манайд зарагддаг шатахууныг литрээр хэмждэг. Хүндийн хэмжүүрээр хэмжвэл хэдэн грамм болох вэ. А-80, Аи-92, дизелийн түлшний хооронд жингийн ялгаа бий юу?
-Шатахууны жин октанаас шууд шалтгаалахгүй л дээ. Шатахууны стандарт гэж бий. Жишээлбэл, өвөл хэрэглэдэг шатахуун, зун хэрэглэдэг шатахуун хоорондоо өөр. Газрын тос нь цэвэр нэг төрлийн бодис биш болохоор өвөл царцдаг. Царцсан шатахуун тэсрэхгүй, мотортоо очихгүй бөглөрнө өө дөө. Шатахууны найрлагад парафин гэж бодис байдаг. Цэврээрээ бол лааны лав шиг эд. Энэ парафин л царцалтын гол шалтгаан байгаа юм. Өвлийн шатахуунаас парафиныг шүүж авдаг. Тиймээс өвөл, зуны шатахууны жин хоорондоо ялгаатай. Гэхдээ их биш. Ер нь бол нэг литр бензин 850 орчим граммтай тэнцдэг. Өөрөөр хэлбэл, 850 кг нь 1000 литр болдог. Тэгэхээр нэг тонн шатахуун 1200 орчим литр болох нь.
-Шатахуун импортлогчид “Тээвэрлэлтийн явцад ууршилт их гардаг учраас ашиг багасдаг” гэж ярьдаг. Энэ үндэслэлтэй юу? 
-Мэдээж, шатахуун тодорхой хэмжээнд ууршдаг. Шинж чанараасаа хамаараад шатахуун арай их, дизелийн түлш арай бага ууршдаг. Гэхдээ шатахууныг тээвэрлэх, хадгалах стандарт гэж бий. Энэ журмаар л бүх ажиллагаа явагдаж байгаа. Хуучин НИК-ийн үед цистернээр тээвэрлэдэг байсан. Одоо ч хэвээрээ байх л даа. Ингэж тээвэрлэхэд мэдээж ууршилт гарна, гэхдээ их биш. Стандартаа сайн мөрдөөд явахад болно.    
-Тэгэхээр, үнэ ханшид нөлөөлөхөөр тийм их ууршдаггүй гэсэн үг үү?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Би судлаач, эрдэмтэн хүний хувьд л асуултад чинь хариуллаа. Химийн шинж чанараараа бол шатахуун уснаас хөнгөхөн, нэг литр нь 830-870 граммтай тэнцдэг. Тэгэхээр нэг тонн нь 1150-1170 литр болдог байх нь.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.