Д.Ганбаатар: Морьтон монголчуудын хүсэл биелж, Mongolian Saturday “Breeders cup”-т түрүүллээ

2015.11.02 №007 (2007)

 

Х.БАТСАЙХАН

 

Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” дуудлагатай хурдан хүлэг “Breeders cup 2015” уралдаанд оролцох эрх авсан  талаарх мэдээлэл гарснаас хойш монголчууд аравдугаар сарын 31-ны өдрийг сэтгэл догдлон хүлээж байсан билээ. Тэгвэл хүсэн хүлээсэн уралдаан монголчуудын хүссэнээр болж, өчигдөр шөнө явагдсан “Breeders cup 2015” морин уралдааны ДАШТ-ий зүлэгний ойрын зайн /Turf sprint/ төрөлд 14 дугаартай “Mongolian Saturday” 1.03.49 ам­жилтаар торгон жолоо өр­гүүлэв. Морьтон монголчууд дэлхийн дэвжээнд өрсөлдөх бо­ломжтой гэдгийг Э.Ганбат уяач ийнхүү батлан харууллаа. 


Энэ жил хамгийн шилдэг амжилт үзүүлсэн 14 хурдан хү­лэг гарааны зур­хайд жигдрэн жагсахад 14 дугаартай, унаа­чийн­хаа хувцсанд “MGL” хэ­мээх нүдэнд дулаахан үсэг ду­райл­гасан “Mongolian Saturday” хамгийн баруун талын байр­лалаас уралдах болсон байв. Морьд зүүн тийшээ тойрч урал­дах байсан учраас манай морь бусад морьдоос илүү зам туулах ашиггүй байрлалд байсан. Гэхдээ ашиггүй байр­лалыг ч “чулуу” болгох “занга­рагатай” гэдгээ харуулж, эхний 300 метрт 10 өрсөлдөгчөө гүйцэн, эргэлт дээр ирэхэд II байрт орж ирсэн байв. Улмаар төгсгөлийн шу­луун замд 12 дугаартай “Ready for rye”-г гүйцсэнээр уралдааныг тэргүүлсээр, бариа хүртэл хадгалж чадсан юм. Тэм­цээнийг зохион бай­гуу­лагчид манай багийг монгол уяач, франц унаачтай гэдгээр нь “Интернациональч баг” хэмээн онцолж байсан бол зохион байгуулагч компанийн Ерөнхийлөгч “Та бүхэн энэ тэмцээний чимэг нь байлаа” хэмээн магтсан юм. Ийнхүү монголчуудын хүсэл биелж, монгол уяачийн эрдэм мэдлэг, монгол эрчүүдийн хийморь жав­хааг “Mongolian Saturday” дэлхий дахинд тунхаглаж чадлаа. 

“Breeders cup 2015”-ын эргэн тойронд  
-Хурдан морины хамгийн алдартай уралдаануудын нэг Кен­­­таккийн дерби явагдаж асан, Кен­такки мужийн Лексингтон хо­тын морин тойруулгад явагдсан. 
-13 төрөл, зайд зохион бай­гуу­лагд­сан. 
-Зөвхөн түрүүлсэн морины шаг­налд 24.5 сая ам.доллар тө­сөв­лөснөөс классик төрлийн ялагч  “American Pharoah” таван сая ам.доллар хүртсэн.  
-Манай морины уралдсан “Turf sprint” төрөлд “Undrafted дуудлагатай хурдан хүлэг түрүүлэх магадлал хамгийн өндөр байв. Бооцоо тавигч дөрвөн хүн тутмын нэг нь түүнд итгэл хүлээлгэж байсан ч тавдугаарт хурдалсан. 

“Mongolian Saturday”-н тухай сонирхолтой баримт
-Д.Ганбаатарын эзэмшдэг энэхүү хурдан хүлгийг ман­лай уяач Д.Онон, Э.Ганбат нар 2011 онд Кинлэндийн дууд­лага худалдаанаас 60 000 ам.доллараар худалдаж авсан гэдэг. 
-”Mongolian Saturday” урал­даж эхэлсэн цагаасаа хойш 31 га­­раанд уралдахдаа  долоон удаа түрүүлж, найман  удаа аман хүзүүджээ. 
-“Breeders cup 2015”-д тү­рүүлснээр 550 000 ам.дол­ла­рын шагнал хүр­тэхээр бол­сон. Үүнээс өмнө 410965 ам.дол­­ларын бай шагнал хүр­тээд байв.
-Уралдаан эхлэхийн өмнө бооцоо тавигчдын 15 хүн тут­мын нэг нь манай моринд мөнгөө даатгасан байв. 
-”Mongolian Saturday” нь 1973 онд оролцсон бүх зургаан тэм­цээндээ түрүүлж байсан домогт хүлэг “Secretariat”-ын удам юм.  

ХЭН ЮУ ХЭЛЭВ
Д.Ганбаатар (Монгол Улсын тод манлай уяач, түрүүлсэн морины эзэн) 
“Дэлхийн энэ том уралдаанд морио түрүүлгэх нь морьтон монголчуудын хувьд мө­рөө­дөл байсан. Үнэхээр сай­хан байна. Монголчууд дөрвөн нас­­­тайгаасаа л морь уна­даг уламж­лалтай ард түмэн. Бид 4000 морь уралдуулж Гин­не­сийн дээд амжилтын номд бүр­т­­гүүлж байлаа. Дасгал­­жуу­лагч Э.Ганбат, сур­гагч Даваа, туслах уяач Сан­тьяго Арагон болон бусад хү­мүүст баярлаж талархсанаа илэрхийлье”

Э.Ганбат (Монгол Улсын манлай уяач, түрүүлсэн хүлгийн уяа сойлгыг тааруулсан)
“Өмнө нь энэ тэмцээнд ядаж  оролцож үзэх юм сан гэж мөрөөддөг байсан. Орол­цох эрх авсныхаа дараа түрүү­лэхийг мөрөөдсөн. Мо­рины уяа сойлго сайн байсан учраас энд түрүүлэх гэж ирсэн, тэр зорилгоо биелүүлж чадлаа. Урал­даан эхлэхээс өмнө нэг юм уу, хоёрдугаарт баттай орно гэж бодож байсан. Энэ морийг таван жилийн өмнө Кинлендээс худалдаж авч байсан юм. Монголд морьдыг 25-30 км-т уралдуулдаг. Энд тийм биш. Гэхдээ уйгагүй оролдсоор өнгөр­сөн жилээс л хэрхэн уяхаа ойлгож байна. Тэр чинээгээр ам­жилт ч дээшиллээ”

Флоран Жиру (Унаач)
“Гарааны байрлал тийм ч сайн байгаагүй учир огцом хурд авч, эхний эргэлтээс өм­нө до­туур тойрогт орж ирэх төлөв­лөгөө хийсэн. Морь маань ч үүнийг маш сайн мэдэрлээ. Тэр үнэхээр мэргэжлийн байсан. Намайг энд ингээд зогсч байх бо­ломжийг бүрдүүлж өгсөн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье”

МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН АМЖИЛТЫН ТАЛААР ДЭЛХИЙН ХЭВЛЭЛД ХЭРХЭН БИЧИВ
Yahoo.com “Өнгөрсөн сард их байлдан дагуулагч, эзэн хаан Хубилайн мэндэлсний 800 жи­лийн ойг тэмдэглэн өнгө­рүүлсэн монголчууд үндэс­нийхээ хувцсаар гангаран тү­­рүүл­сэн хурдан хүлэг “Mongolian Saturday”-г тойрон зогсох нь энэ өдрийн мартагдашгүй дүр зураг байлаа”.  


kentucky.com “Монголыг америкчууд байлдан дагуулал, “уйлдаг тэмээ”-ний тухай ба­римтат киногоор нь мэддэг бай­сан бол одоо бас нэг зүйлээр нь тогтоож авлаа. Түрүүлсэн мо­­рины эзэн Д.Ганбаатар “Мон­­гол­чууд энэ тэмцээнийг зу­раг­­таараа үзсэн. Улсаар нь овог­лосон морь түрүүлэхийг хараад бүгд нулимс унагац­гаасан” хэ­мээн өгүүллээ.   


“Лос Анжелес таймс” “Тү­­рүүл­сэн морины эзэн Д.Ганбаатар “Монгол Улс бай­галийн баялаг ихтэй, ард түмэн нь сайхан сэтгэлтэй. Манай групп зам барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээ, хүнс­ний үйлдвэрлэл, зочид бууд­лын бизнес эрхэлдэг” гэлээ. Энэ бүхнийг дурдсаныхаа дараа тэрбээр “Бас газрын тос” гэж нэмэв. Эхнэр нь Монголын миссээр шалгарч байжээ. “Mongolian Saturday”-н уяач Э.Ганбат даргыгаа “Сайн морь, сайхан бүсгүйд хайртай” гэж тодорхойлов”.

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.