Хятад “Нэг хүүхдийн” бодлогоо яагаад өөрчилсөн бэ

2015.11.02 №007 (2007)

БНХАУ-ын Комммунист нам  26  жил хэрэгжсэн  “Нэг  өрх-нэг хүүхэд” бодлогоо өн­гөрсөн  пүрэв  гарагт хүчин­гүй болго­сон билээ. “АЭ” энэхүү бодлого хэрэгжих 26 жилийн дотор зорилгоо биелүүлсэн эсэх, хү­­чингүй болсноор ямар үр дүн гарах, дэлхий нийт  ямар хариу  үйлдэл  үзүүлсэн  талаарх тоо баримт бүхий мэдээлэлд уншигчдынхаа анхаарлыг хан­дуулж байна.  


ХКН 1979 онд угтан буй хоол хүнсний хомсдлоос сэр­гийлэх зорилгоор “Нэг өрх-нэг хүүхдийн бодлого”-ыг са­наачлан хэрэгжүүлсэн бай­даг. Намын удирдлагуудын тө­лөвлөснөөр энэ бодлого нь  Хятадын эдийн засгийн ам­бийцийн нэг хэсэг болох учир­тай байв. Гэр бүлийг зөвхөн нэг хүүхэдтэй бай­хыг зөвшөөрдөг, зөрчвөл санхүү­гийн болоод эрүүгийн чанга хатуу хариуцлага хүлээлгэх заалт бүхий энэ хууль ийнхүү 26 жилийн турш хэрэгжжээ. 
Хорвоод мэндэлж чадаагүй хүүхдийн амь, хүчээр үр хөндүүл­сэн эхчүүдийн цус, ну­лимсаар угаагдсан 26 жилийг төсөөлөхийн тулд доорх ба­римттай танилцана уу. 


-400 сая төрөлтийг хү­чээр зогсоосон (НҮБ-ын тооцоо­гоор)


-Тогтоосон системийг хэ­вийн ажиллуулахын тулд 460 сая фунт стерлинг зарцуулж байв


-Эсэн мэнд төрсөн 1.16 хүүд, нэг охин ногдох болсон.


-Хүүхэд хэтрүүлсний төл­бөрт хоёр их наяд юань буюу 206 тэрбум фунт стерлинг улсын орлого болгосон гэсэн тоо баримт л үлдэж хоцорчээ. 


БНХАУ-ын Эрүүлийг хам­гаалах яамны мэдээлснээр, 26 жилийн хугацаанд 350 сая жирэмслэлтийг хүчээр зогсоосон байна. Энэ нь жилд 13 сая, цагт 1500 үр хөндөлт явагддаг байсан гэсэн үг юм. Бодлого  хэрэгжиж  эхэлсэн 1979 онд үр  хөндөлт хамгийн их буюу 196 сая байсан бол үүнээс хойш огцом буурсан. Бодлого  хэрэгжээд   ганцхан жил  өнгөрч байхад иргэд гэр бүл  төлөвлөлтөд  хариуцлагатай ханддаг болсон гэхэд итгэхэд хэцүү ч дараагийн жилүүдэд үр хөндөлтийн тоо эрс буурч иржээ.   


Хорвоод мэндлэх хувь дутсан үрийнхээ цогцсыг харан уйлж суугаа залуу эхийн зураг хэдэн сарын өмнө интер­нэтэд тавигдсанаас хойш дэлхий нийт энэ бодлогыг эрс шүүмжлэх болсон. Төлбөрийн чадваргүй хэмээн улсаас дарамталж, долоон сартайд нь хүчээр  үр хөндүүлсэн энэ тохиолдлын дараа тухайн эмнэлэг олон нийтээс уучлалт гуйхад хүрч байв. Мөн Олон улсын хүний эрхийн “Эмнести интернейшнл” байгууллага энэ асуудлыг байнга хөндсөөр иржээ. 


БНХАУ бодлогоо  цуцалс­ныг “Хоол ундандаа санаа зовсон­доо үр хүүхдээ тэвчиж байсан айл чинээлэг болоод ирэхээрээ үр удамдаа анхаарч байна” гэж ойлгон зөвтгөх улс байхад “Худлаа” хэмээн хардах нь ч байна. Тэдний зөв, бодлого цуцалсан нь зөвхөн эдийн засагтай холбоогүй ч байж мэднэ. Бодлоготой холбоотой гарч байгаа сөрөг үр дагаврын талаарх мэдээллийг судалж үзэхэд албан ёсны мэдээлэлд өгүүлээгүй үндсэн гурван шалтгаан жин дарж байгаа юм. 


Нэгдүгээрт, бодлого цаашид хэрэгжлээ ч үр дүнгээ өгөхөө байсан. Хятад улсад хосууд гэр бүл болохдоо орон нутгийн захиргаанд багагүй хэмжээний мөнгө төлөх ёстой байдаг. Ингээд олон жилийн дараа нэгээс дээш хүүхэд гаргаагүй, өөрөөр хэлбэл, “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогыг зөрчөөгүй тохиолдолд  мөнгөө  буцааж авах хууль үйлчилдэг. Гэтэл эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаа сайжрахын хэрээр ийм  байд­лаар тушаагдсан мөнгө улсын орлого болох явдал олон гарах болжээ.


Хоёрдугаарт, олон улсын зүгээс ирэх дарамт шахалт. Машинд мөргүүлэн ухаангүй хэвтэх бяцхан охины хажуугаар жишим ч үгүй өнгөрөн явах хятад иргэдийг харуулсан бич­лэг интернэтэд тавигдсаныг манайхан санаж байгаа биз ээ. Энэ бичлэг цацагдсанаас хойш гадаад ертөнцийн зүгээс хятадуудыг үнэлэх үнэлэмж үлэмж буурч, “Хятад улс үнэхээр л дэлхийн өндөр хөг­жил­тэй гүрэн гэж тооцогдох гээд байгаа юм бол эхлээд хүний хөгжил, эрхийг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй” гэсэн суртал ухуулгыг ихээр хийх болсон.


Гуравдугаарт,  буюу хам­­гийн гол ч байж болох шалт­гаан нь  хүний  хөгжилтэй  холбоотой. “Бяцхан  эзэн  хаа­дын хэнээр­хэл” хэмээх нэр томъёог үүсгэсэн эрх танхи, бие даах чадваргүй хятад “айлын ганц”-ууд эдүгээ эрийн цээнд хүрч, үндэстнээ хорлох хэмжээнд ирээд байна. 


Энэ бүх шалтгааны улмаас аль хоёр жилийн өмнөөс л урд хөршид “Шинэ хүүхдийн тэсрэлт” гэж нэрлэгдсэн  үйл явдал болж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Нэг өрх-нэг хүүхэд” хөтөлбөр цуцлагдаагүй байсан ч “Шинэ хүүхдийн тэсрэлт” болж байсан, цаашид ч байх гэнэ.   


Эдийн засагтаа хэт анхаарч, хүний хөгжлийн асуудалд анхаа­­­­ралгүй хандсанаас БНХАУ одоогийн хүрсэн өндөр­­­­­­лөгөө алдаж ч магадгүй бай­­­­­­далд хүрээд байгаа. Дотоо­дын энэ бэрхшээлтэйгээ тэм­цэхийн тулд зөвхөн “Нэг хүүх­дийн бодлого”-ыг цуцлаад өнгөрөх нь учир дутагдалтай гэж “Эмнести интернейшнл” анхааруулж  байна. Тус байгуул­лагаас гаргасан мэдэг­дэлд “Улс бодлогоо цуцалсан ч хятад эмэгтэйчүүд аюултай байдалд хэвээр  үлдэнэ. Хүүхдийн  амийг юман чинээ бодохоо боль­­сон төрөл төрөгсөд нь бод­­лого хэрэгжүүлсэн хэвээр бай­на” хэмээн анхааруулжээ. 


Энд тодруулахад, эрх ба­ригчид нэг хүүхдийн бод­ло­гоос хоёр хүүхдийн бодлогод шилжиж байгаа болохоос олон хүүхэдтэй болохыг зөвшөөрч байгаа хэрэг биш. Тиймээс гурав дахь хүүхдийг ч мөн өрөвдөлтэй хувь заяа тоссон хэвээр байгаа юм.  

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.