Агаарын түгшүүр

2015.11.02 №007 (2007)

- Чиглэл 9268-ын сүйрэл “Лалын улс”-ын өшөө авалт уу -

Х.БАТСАЙХАН

 

“Шарм эш Шейх-Санкт Петербург” чиглэлд нисч явсан ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Когалымавиа” компанийн “Airbus A321” онгоц ур­жигдар өглөө Эль Ариша хотоос 100 км-ийн зайд сүйрчээ. Онгоцонд сууж явсан 224 хүн (217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн) бүгд амь насаа алдсан талаар холбогдох албаныхан мэдээлэв. Хэдийгээр ослын шалтгаан албан ёсоор тодорхой болоогүй, албаны хүмүүс “Хар хайрцаг олдсон ч бага зэрэг гэмтэлтэй байгаа” гэхээс өөр мэдэгдэл хийгээгүй байгаа ч энэ үйл явдал оросуудын эмзэг цэгийг хатгаж орхилоо. Учир нь, онгоц сүйрсний маргааш буюу ням гаригийн өглөө “Лалын улс” бүлэглэлтэй  холбоотой  хэт даврагчид онгоцны сүйрлийн ха­риуц­лагыг хүлээж байгаагаа олон нитийн сүлжээгээр дамжуулан мэ­дэгдсэн юм. 


ОХУ Сирийн нутагт буй “Лалын улс” бүлэглэлийн байрлалыг бөмбөгдөж эхэлсний дараа жирийн орос иргэд айхгүй ч гэсэн “Биднээс хэзээ өшөөгөө авч эхлэх бол” хэмээн санаа зовж, үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байв. Тиймээс осол гарсны дараа “Онгоц нь хуучин байсан”, “Нисгэгчийнх нь бие муу байсан гэнэ” гэх мэт мэдээлэл гарсан ч “Лалын улс”-тай холбох нь илүү олон байсан юм. Хойд хөршийн Тээврийн сайд Максим Соколов “Хэдийгээр хэт даврагчид өөрсдөө хариуцлага хүлээнэ гэж байгаа ч шууд итгэж болохгүй” хэмээн ард түмнээ тайвшруулсан. Онгоц радараас алга болох үедээ 9450 метрийн өндөрт нисч явжээ. Синайн хойгт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядах бүлэглэлүүдийн алинд нь ч ийм өндөрт нисч яваа онгоцыг сөнөөх чадалтай зөөгч пуужин байхгүй гэнэ. Гэсэн хэдий ч нийгмийн сэтгэл зүйгээс харвал, энэ явдал Оросын авиа компаниудын хувьд эдийн засгийн хохирол дагуулах нь тодорхой болжээ. Агаарын энэ түгшүүр Европыг ч нөмөрч, Оросын онгоц сүйрсний дараа Германы “Lufthansa”, Францын “Air France-KLM” компаниуд Синайн хойг дээгүүр өнгөрөх бүх нислэгээ цуцалж байгаагаа  мэдэгджээ. Эрсдэлээ багасгах ийм алхмыг өөр бусад авиа компани ч  дагах магадлал өндөр байгаа юм.    


ОХУ-ын Онцгой байдлын албаны аврагчид ослын газар хүрэлцэн очсон бөгөөд Египетийн талтай хамтран эрэн хайх ажиллагаа явуулж байна. Амь үрэгдэгсдийн цогцсыг өчигдрөөс эх орон руу нь зөөж эхэлсэн бөгөөд ар гэрийнхнээс нь авсан ДНК-ийн дээжтэй тохируулах  ажиллагаа өнөөдрөөс эхлэх юм.   


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар  холбогдож  эм­гэнэл  илэрхийлээд, мөрдөн шалгах ажиллагаанд тусламж үзүүлэхэд  бэлэн гэж мэдэгджээ. Герман, Ирланд, Франц, Израиль улсууд мөн тусламж санал болгосон бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Ослын шалтгааныг нарийвчлан судлах шаардлагатай” гэсэн мэдэгдэл хийсэн байна. 
Их Британид албан ёсны айлчлал хийж яваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд ням гаригийг гашуудлын өдөр болгон зарлажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.