Муу, бас сайн мэдээ

2015.11.02 №007 (2007)

 

Ө.ТУЯА

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс нэг их наядаар тасарсан төсвөө дахин тодотгон баталсан. Харин энэ долоо хоногт ирэх оныхоо төсвийн төслийн анхны хэлэл­цүүлгийг хийнэ. Орлого, зар­лага, төсөв, мөнгө, ирэх онд монголчууд хэрхэн амь зуух талаар ид яригдаж буй энэ өдрүүдэд орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн салбарын бодит байдал, нүүрс, зэсийн үнэ толгой өвтгөсөн асуудал боллоо. Уул уурхайн салбар мөддөө сэргэхгүй нь, уул уурхай моодноос гар­лаа, төсөв батлахдаа уул уурхайд хэт найдах хэрэггүй хэмээсэн мэдээлэл, эдийн засагчдын таамаг дотоодын хэвлэлээр хөврөхтэй зэрэгцэн “Moody’s” агентлаг ойрын 12-18 хугацаанд уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэх төлөв харагдахгүй байна хэмээн мэдээлэв.

Түүгээр ч барахгүй улам доошлох эрсдэл өндөр байгааг ч тодотгожээ. Таагүй мэдээ үүгээр дууссангүй дэлхийн уул уурхайн салбарын хөрөнгийн зах зээл дэх нийт үнэлгээ энэ онд 2009 оноос хойшхи хамгийн доод төвшиндөө хүрээд байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэн агших эрсдэлтэй байгааг “SNL Metals and Mining” өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд олон нийтэд мэдээлсэн тайландаа дурдсан байна. Тодруулбал, ердөө дөрвөн жилийн өмнө буюу оргил гэгдэж байсан үедээ  2.5 их  наяд ам.доллараар  үнэлэгдэж  байсан уул уурхайн  салбар өдгөө нэг их наядад хүрэхгүй болжээ. Өөрөөр хэлбэл энэ салбар бүхэлдээ  технологийн   салбарын  хоёрхон  компани буюу “Apple”, “Google”-ийг нийлүүлснээс ч бага үнэлгээтэй болсон байна. Түүнчлэн уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт, санхүүжилт эрс багассан, тэр дундаа жилийн 500 саяас бага ор­логотой компаниудынх 50-иас дээш хувиар буурчээ. Уул уурхайн том жижиг гэлтгүй ихэнх ком­паниудын хувьд өнгөрсөн сард хувьцааны үнийн хамгийн их уналттай өдрүүд тохиосон нь ч мөнөөх л Хятадын эдийн засгийн удаашралтай холбоотой болгоомжлол, түүхий эдийн үнийн уналтаас үүдсэн байгаа юм. Энэ мэтээр уул уурхайн компаниуд олноороо бүртгэлтэй Авст­ралийн хөрөнгийн биржээс уул уурхайн ком­па­ниудын үнэлгээ буурснаас ойролцоогоор 51 тэрбум ам.доллар ор мөргүй арчигдсан гэсэн тооцоо гарчээ.  Таагүй таамаг, мэдээлэл энэ мэтээр хөвөрсөөр. 

Гэхдээ сайн гэж болохоор мэдээ ч бас байгааг орхигдуулж болохгүй. Жишээ нь, хэдийгээр уул уурхайн салбар хүнд үеийг туулж байгаа ч бидний хамтрагч Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн хувьд байдал “BHP Billiton”, “Anglo American” зэрэг бусад акулуудтай харьцуулахад муугүй, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн сонирхол ч боломжийн байгааг уул уурхайн салбарын шинжээчид бичиж байна. Нэг хэсэг “Рио Тинто”-г худалдаж авна, нэгтгэнэ хэмээн даналзаж байсан “Glencore”-ийн хувьд үнэлгээ огцом унаж, Лондоны хөрөнгийн биржийн  FTSE100-гийн  хамгийн муу үзүүлэлттэй компани хэмээн цоллуулж буй бол “Рио Тинто”-гийн хувьд байдал арай өөр, гоц сайн биш ч төлөв эерэг талдаа байгааг онцолж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид “Рио Тинто”, цаашлаад Оюутолгойн далд уурхайд санхүүжилт олгох сонирхол нь эерэг талдаа байгааг илтгэж байна гэж ойлгож болох юм.


Уул уурхайн салбар бүр навс уначихгүй нь, аажимдаа  сэргэж  мэдэх нь гэх мессежийг дэлхий нийтэд өгсөн өөр нэгэн эерэг мэдээ гэвэл Хятадын удирдагчид  ирэх 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө эдийн засгийн өсөлтийг дэм­жинэ, 2020  он  гэхэд эдийн засгаа, иргэдийнхээ амьдралын төвшинг 2010 оны төвшнөөс хоёр дахин өсгөсөн байна хэмээн төлөвлөснөө зарласан явдал байв. Хэдийгээр нарийн төлөв­лөгөө, тоонуудыг ирэх оны гуравдугаар сард олон нийтэд танилцуулах боловч энэ төлөв­лөгөөгөөр БНХАУ-ын эдийн засгийн жилийн өсөлт 6.5 хувиас доош орохгүй бөгөөд жил бүр Швейцарийн эдийн засагтай дүйцэхүйц хэм­жээгээр томорно, тэлэх нь гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Ингэхдээ хотжилтыг түр­гэсгэж, томоохон төс­лүүд хэрэгжүүлж, дэд бүт­цийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн нь металлын эрэлт цаашид үргэлжлэн өсөхийг илтгэж байгаа юм. Энэ нь уул уурхайн сал­барынхны хувьд гарцаагүй сайн мэдээ гэж эдийн засагч, уул уурхайн салбарын шинжээчид үзэж байна. Гэхдээ мэдээж нөхцөл байдал алга урвуулахын адил өөрчлөгдөхгүй. 


Юутай ч шалдаа ортол дордохгүй, харин яваандаа аажмаар, огцом биш ч нэгэн хэмнэлээр өсөх нь гэсэн бага боловч гэрэл гэгээтэй хүлээлт уул уурхайн салбарынханд үүсээд байна.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.