Ё.Отгонбаяр: надад наймаалцах хэрэг байхгүй

2015.11.02 №007 (2007)

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Та Өршөөлийн хуулийг бат­лахын өмнө Н.Батбаяр ги­шүүний гаргасан “УИХ-ын гишүүд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахгүй” гэсэн заалт нэ­мэх саналыг яагаад эсэр­гүүц­сэн юм бэ?
-УИХ-ын   гишүүд өөрс­дөдөө зо­риулж хууль батлах гэж байна гэх яриаг цэглэх хэрэгтэй санал байсан байх. Гэхдээ би зүгээр л популизм хийж байна гэж харсан. Яагаад гэвэл, албан тушаал, авлигын хэргийг өр­шөөхгүй гээд л шийдэхийн оронд заавал УИХ-ын гишүүдэд энэ хууль үйлчлэхгүй гэсэн заалт оруулах шаардлагагүй гэж үзсэн. УИХ-ын гишүүд янз бү­рийн асуудалд орооцолдвол албан тушаалын гэмт хэргээр л асуудал үүсгэх байх. Тиймээс би хэрвээ авлига, албан ту­шаалын гэмт хэргийг өршөөх гэж байгаа юм бол энэ заалтаа оруулна биз гэсэн байр суурьтай бай­сан. Хамгийн гол нь би юуг дур­гүйцсэн гэхээр хуулийн төс­­лөө зүгээр хэлэлцээд бат­ла­хын оронд Хууль зүйн байн­гын хороо руу буцааж тэндээ янз бү­рийн асуудал үүсгэх бодолтой байгаа юм байна гэж харсан. Тиймээс тэр го­римын са­налыг нь эсэргүүцэж үг хэ­­лээд унагачихсан. Үүнд З.Баян­сэлэнгэ гишүүн нэлээд бу­хамдах шиг болно лээ.

-Ер нь тантай холбоотой хэ­рэг юу болсон бэ. Өршөө­лийн хуультай ямар нэгэн байд­лаар хамааралтай юм уу?
-Миний тэр асуудал бол Өр­шөө­лийн  хуульд  ерөөсөө ха­маа­рал­­гүй. Төгрөгийг ам.дол­­­лар­тай андуу­раад на­майг олон сая ам.дол­лартай бол­­­­гож шалгасан хэрэг УИХ-аар Өр­шөө­­лийн хуулийг хэ­лэл­цэж эхлэхээс өмнө буюу өн­гөр­­сөн оны наймдугаар сард хэрэгсэхгүй болоод дууссан. 300 сая ам.доллар надад байхгүй нь үнэн учраас хаагдсан. Нө­гөө нэг яригдаад байсан хэ­рэгт нь намайг сэжигтнээр та­­­таагүй гээд Прокурорын ерөн­хий газраас албан ёсоор мэ­дээлчихсэн. Тий­мээс надад наймаалцах хэрэг ерөө­сөө байх­­гүй. Өршөөлийн хуулийг хэ­лэл­­цэх үеэр хууль хяналтын байгуул­ла­гынх­наас над руу хандсан нэг ч тохиолдол байх­гүй. З.Баянсэлэнгэ бол намайг шууд гүтгэсэн. Гэхдээ би эмэг­­тэй хүнтэй заргалдаад яах вэ дээ. Өөрийнх нь зорьсон хэрэг бүтээгүйд уур­­лахдаа л над руу баахан дайрчихна лээ. 

-АТГ-аас гаргасан 112 ал­бан ту­шаалтны судалгаанд УИХ-ын хоёр гишүүн байгаа­гийн нэг нь таныг гэж ойлгоод байгаа шүү дээ?
-АТГ Хууль зүйн байнгын хороонд илт худлаа мэдээлэл өгсөн. Улсын ерөнхий прокуро­роос бас мэдээлэл ирсэн. Тэр мэдээлэлд “УИХ-ын нэг гишүү­нийг сэжигтнээр шал­гаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаа­ны яамтай холбоотой асууд­лыг шалгаж байгаа. Гэхдээ энэ хэрэгт Ё.Отгонбаяр гишүүнийг сэжигтнээр шалгаагүй” гэсэн байсан. Тэгэхээр намайг гэрч гэж л үзсэн юм байлгүй дээ.

-Гэхдээ танаас гэрчийн мэ­дүүлэг аваагүй юм уу?
-Үгүй. Над руу огт хандаа­гүй.
 

-АТГ худал мэдээлэл өгсөн гэлээ. Та үүнийх нь төлөө АТГ-т хандсан уу?
-АТГ дараа нь Байнгын хо­роонд мэ­дээлэл ирүүлэхдээ нэг гишүүн гээд алдаагаа зас­чихсан л даа. Тиймээс гомдол гаргах шаардлагагүй.

-З.Баянсэлэнгэ гишүүн та­ныг “Битгий тайвшир. Сон­гууль бо­лохоос өмнө хэр­­гийг чинь гаргаж ирээд шал­гана” гэж байсан. Танд ийм бол­гоомж­лол төрж бай­гаа юу?
-Сонгууль болохоос өм­нө миний дансанд 300 сая ам.доллар хийгээд тэр хэргийг сэр­гээчихвэл болж л байна. Гэтэл энэ улсад чинь миний дансанд хийх 300 сая байтугай ца­лингаа хуга­цаанд нь бүрэн гүй­цэд тавих ч мөнгө алга байна шүү дээ.

-З.Баянсэлэнгэ гишүүний зорь­сон зорилго нь биелээгүй учраас уурласан гэлээ. Зорь­сон зорилго нь гэж юуг хэлээд байгаа юм бэ?
-Хүмүүс бүгд мэдэж байгаа шүү дээ. АН-ын зарим гишүүн болон “Шударга ёс” эвслийнхэн Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хам­­руулах гэж зүтгэсэн. Тэр нь бүтэлгүйтсэн учраас л уур­ласан байх гэж бодож байна. Манай на­мын бүлэг авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөж болохгүй гэсэн байр суурьтай байсан. З.Баянсэлэнгэ гишүүнийг бүр зарчимгүй  зүйл ярьсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, бараг “Та хэрэгт хол­богдсон байж өөрийгөө өр­­шөөсөнгүй” гэх ухааны юм ярина лээ. Хэрэв УИХ-ын ги­шүүдэд хэрэг үүсгэвэл албан ту­шаалтай холбоотой л хэ­рэг үүсгэх байх. Тиймээс энэ хэр­гийг Өршөөлийн хуульд хамруулж болохгүй. Энэ бол зарчмын асуудал болохоос хувь хүний асуудал биш. Тиймээс би хатуу байр суурьтай байсан юм.

Харин Эрүүгийн хуулийн 148.4 буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэдэг заалтыг өршөөлд хамруулж бо­лох юм гэж үзэж байлаа. Яагаад гэвэл, 147 гээд бусдын эд хө­рөнгийг дээрэмдэхийг нь өр­шөөчихөж байгаа юм. Ин­гэхээр хүний эд хөрөн­гийг дээ­­рэмдэж болно, залилж бо­лох­гүй гэсэн логик үүсчихэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүд за­лилангийн хэрэг нь олон хо­хирогчтой байдаг учраас өршөөж болох юм гэсэн байр сууринаас хандах шиг болно лээ. Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завш­­сан, үрэгдүүлсэн гэмт хэр­гийг өршөөхөөр болсон. Энэ бол хуучин социализмын үед нярвуудад үйлчилдэг байсан заалт шүү дээ. Тооллого хий­гээд хөрөнгө дутах юм бол 150.3-аар хэрэг үүсгэчихдэг бай­­лаа. Одоо энэ зүйл ангиар ял эдэлж байгаа болон байцаагдаж байгаа хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг юм билээ. Тийм учраас эмэг­тэйчүүдийгээ нэг өршөөчих нь зүйтэй юм болов уу гэж үзээд дэмжсэн.

-Өршөөлийн хууль “Шу­дарга ёс” эвслийнхний хүс­сэнээр батлагдаагүй нь Зас­гийн газрын тогтвортой бай­далд сөргөөр нөлөөлж ма­гад­гүй гэж ярих боллоо. Та энэ талаар ямар бодолтой бай­на вэ?
-Хүмүүс тийм таамаг хэлж байна. Би хувьдаа “Ганц хуу­лийн үнэтэй Засгийн газар юм бол байгаад яах вэ дээ” гэсэн бодолтой байна.

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.