Б.Ариунцэцэг: Эр хүн үзэх ёстой юмаа эртхэн үзсэн нь дээр

2015.11.02 №007 (2007)

 

Б.БАДАМГАРАВ

 

“Анхаарлын төв”-д энэ удаад “Эмоци” продакшны залуу жүжигчин Б.Ариунцэцэгийг онцолж байна. 

-Жүжигчин болсон түүхээс тань яриагаа эхэлье ?
-Би цэцэрлэгт байхаасаа л урлагийн авьяастай хүүхэд байсан. Дуулж, бүжиглэх их дуртай. Тиймээс аав, ээж хоёр маань намайг урлагийн хүн болгосон. Угаасаа манайхан урлагт их хайртай хүмүүс. Би дуучин болно гэж боддог байлаа. СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөх гээд очсон чинь нэг тийм сонин мэдрэмж төрөөд, жүжигчний анги нь илүү гоё санагдаад шалгалт өгч тэнцсэн.

-Таны уран бүтээлийн гараа “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд тоглосноор эхэлсэн байх аа?
-2011 онд “Амьдралд тавтай морил” гээд 80 ангитай киноны пробонд орооч гэсэн санал ирсэн. Тэгээд шалгуулж тэнцээд, таван гол дүрийн нэг нь болох “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаяр ахын найз бүсгүй Маралаагийн дүрийг бүтээсэн. Дөнгөж сургуулиа төгсөөд сайхан уран бүтээлд тоглосон доо. 

-Хоол сайн хийдэг, тамирчин бүсгүйн дүрээр олны хайрыг татсан. Үүний дараагаар хэсэг завсарлаад гарч ирэхдээ та дүр төрхөө нэлээд өөрчилсөн. Хүмүүс таны энэ өөрчлөлтийн нууцыг их сонирхдог юм билээ. Энэ тухайгаа ярихгүй юу?
-“Амьдралд тавтай морил”-д тоглож байхдаа би бондгор байсан л даа /инээв/. Оюутан байхдаа төгсөх үеэрээ жин нэмчихсэн. Тэгээд ажлын талбарт гараад эмэгтэй хүн, урлагийн хүн болж байна гэдэг утгаараа бүх зүйлдээ анхаарах шаардлагатай гэж бодсон. Өөрийнхөө эрүүл мэндийг бодоод зөв хооллож, дасгал эрчимтэй хийсний үр дүнд нэлээд жин хаясан. Ер нь ч завгүй амьдралд ороод ирэхээр аяндаа турчихдаг юм байна лээ. 

-“Эмоци” продакшнтай хэрхэн холбогдож байсан бэ?
-2013 он гарах гэж байсан үе. Би баярын ширээгээ засах гээд дэлгүүрээр явж байсан чинь хамтарч ажилладаг студийн ах “Одоо ирээд Аглуу ах, Төтө ах хоёртойгоо NEXT-ийн рекламд тоглооч. Тоглох ёстой охин маань боломжгүй болчихлоо. Цагаан сарын зураг авалт байгаа юм” гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд очсон. Төтө ахынд зураг авалт болсон л доо. Тухайн үед уулзаж ч үзээгүй, хүндэлдэг жүжигчидтэйгээ хамт рекламд тоглосон нь миний хувьд их азтай явдал болсон. Үүнээс хойш удалгүй хавар нь Төтө ах яриад “Эмоци гэж продакшн байгуулж байгаа. Ирээд уулзаач” гэсэн. Тэгээд шалгуулж, тэнцсэн. Ийм сайхан хамт олны нэг болсондоо их баярладаг. Олон чиглэлээр уран бүтээл туурвиж байна. Хошин шоу, олон ангит кино, уран сайхны кино гээд. Цаашид ч өөр өөр төрлийн бүтээл хийнэ. 

-Саяхан “Их хотын залуус” олон ангит кино хийсэн. Удахгүй дэлгэцээр гарах гэж байгаа гэлүү?
-“Боловсрол” телевизтэй хамтран “Их хотын залуус” нэртэй 40 ангит кино хийгээд бараг дууссан. Манай “Эмоци” олон ангит кинондоо шинэ жилд зориулсан тусгай анги хийдэг уламжлалтай. Урьд нь “Гурван найз”-ыг хийж байхдаа ч тэгсэн. Үүнийхээ дагуу киноныхоо төгсгөлийн 40 дүгээр ангиа шинэ жилд зориулж бэлдэнэ. Цас орохоор зураг авалтаа хийхээр төлөвлөж байна.

-Та “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригтой үерхэж байгаа. Та хоёрын тухай элдэв яриа их гарах юм. Та энэ тухай юу гэж хэлэх вэ?
-Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг. Урлагийн хүнтэй учирсандаа баярладаг. Бие биенээ сайн ойлгодог. Гадуур бид хоёрын тухай, манай хүний тухай сөрөг ойлголт их байдаг юм байна лээ. Хүүхэмсэг энэ тэр гээд л. Өнгөрсөн амьдралынх нь талаар хар бараан зүйлс надад их хэлдэг. Хариуд нь би “Надад энэ хүний өнгөрсөн амьдрал хамаагүй. Амьдрал зохиосон хойноо асуудал үүсгэж байснаас эр хүн үзэх ёстой юмаа эртхэн үзсэн нь дээр” гэж хэлдэг. Тэгж янз бүрээр хэлснийх нь дараа  би болих ёстой юм уу, эсвэл сэтгэлдээ сэв суулгаад шаналах ёстой юм уу бүү мэд. Яах гэж тэгж яриад явдгийг нь сайн ойлгодоггүй. Атаархсандаа л тэр биз. Миний хувьд тэр элдэв яриаг тоодог ч үгүй. Бид хоёр л аз жаргалтай байвал болно. Бусдын үг сонин биш.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.