Г.Байгалмаа: Шинэ сум төсөл 2016 онд бүрэн дуусах боломжтой

2015.11.02 №007 (2007)

 

Г.БАЛЖИННЯМ

“Шинэ сум” төслийн талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.  

-“Шинэ сум” төслийн хүрээнд 100 сумын төвийг 2016 онд шинэчилж амжих болов уу?
-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төслийг үргэлжлүүлэх хөрөнгө, санхүүжилтыг улсын төсөвт суулгаад явах боломж бага байна. Хугацааны хувьд 2016 он хүртэл төлөвлөгөө ёсоор хийж гүйцэтгэх ёстой 100 сумын 50-ийг нь улсын болон олон улсын байгууллагын санхүүжилт, зээл, тусламжаар шинэчлэх боломжтой  гэж үзэж байгаа. Харин үлдсэн 50 суманд хийх төслийг концессоор хэрэгжүүлэхээр тооцоо, судалгаа боловсруулан ярилцаж байна. Бүрэн дуусгах боломжтой. 

-2014 онд 16 суманд төсөл хэрэгжүүлсэн компаниудын санхүүжилт бүрэн шийдэгдсэн үү. Тэдгээр компаниудыг он дуусахаас өмнө ажлаа хүлээлгэн өгөх шаардлагыг холбогдох дээд шатны байгууллагаас тавьсан юм билээ. Үүнээс болж цаг хугацаанд шахагдан чанаргүй ажил гүйцэтгэсэн жишээ цөөнгүй байна?
-16 сумын нийт ажил гүйцэтгэлийг нь дунджаар авч үзэхэд 70-90 хувьтай, зарим нь хүлээлгэн өгөхөд бэлэн болчихоод байгаа. Улирлын чанартай ажил, мөн эдийн засгийн нөхцөл байдлаас болж төслийн санхүүжилт хугацаандаа хийгдэхгүй байх тохиолдол гарсан. Үүнээс болоод он дамжсан зүйл ч бий. 2016 оны хувьд бидний төлөвлөсөн ажлаас өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага ажил хийгдэнэ.  


-Зарим суманд бүтээн байгуулалтын цогц ажил өрнөсөн ч заримд нь хангалтгүй байгаа тухай иргэд гомдоллож байна. Жишээ нь, Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Биндэр зэрэг сумыг нэрлэж болох байна?     
-Мэдээж жишиг гурван сумтай адил бүтээн байгуулалтыг сумандаа хийлгэхийг ард иргэд хүсч байгаа байх. Харин үүнийг хийе гэхээр хамгийн том бэрхшээл нь хөрөнгө, санхүүгийн асуудал. Гэхдээ энэ ажил ингээд зогсчихгүй шүү дээ. Шугам, сүлжээгээ тавьж байна гэдэг нь үндсэн барилга, байгууламжаа барих суурь болж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Хувийн хэвшил, орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө гээд санхүүгийн үе шаттай хэрэгжих төлөвлөгөөгөөр бий болох юм.

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.