Шинэчлэлийн Засгийн газартай хамт унасан “Шинэ сум” төсөл

2015.11.02 №007 (2007)

Г.СОНИНБАЯР

“Шинэ сум” төсөл ингэж эхэлжээ

Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө 100 хүртэл суманд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ дагуу 2013 онд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн гурван суманд тус бүр 10 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр жишиг сумын төв байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Эдгээрээс Баянхонгор аймгийн хоёр суманд өрнөсөн бүтээн байгуулалтыг олон нийт хамгийн сайн мэдэх болсон. Сонин хэвлэл, телевизээр Бууцагаан, Баянлиг сумдын бүтээн байгуулалтын ажлыг олон давтамжтайгаар нийтэлж, нэвтрүүлсэн нь ч үүнд нөлөөлсөн байх. Эдгээр суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн хүрээнд 20 ортой хоёр давхар нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр барьсан байна. Мөн инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөлбөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд зэрэг бүх асуудлыг цогцоор нь шийдсэн ажээ. Үндсэндээ хуучин сумын төвийн дэргэд цоо шинэ сум барьж байгуулсан гэсэн үг. Бууцагаан, Баянлиг сумдад баригдсан “Шинэ сум” цогцолбор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-доор ашиглалтад орсон байна. Уг нь сумын төвийн шинэчлэлийн салхийг хагалсан дээрх гурван сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил 2013 онд багтаж дуусах байсан ч ийнхүү нэг жилээр хойшилж, санхүүжилт нь гурав дахь жилийнхээ нүүрийг үзээд байгаа ажээ. Барилга, хот байгуулалтын сайдын багцад туссан улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд гүйцэтгэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтаас харахад Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдын төвийн шинэчлэлийн ажил нийт 21.9  тэрбум төгрөгийн өртөгтэй болжээ. Үүнээс энэ онд үлдэгдэл 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч компанид олгосон байна. Харин нэмэлт ажлын 1.9 тэрбум төгрөг нь хүлээгдэж байгаа ажээ. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийт гурван тэрбум 578.3 төгрөгийн өртгөөр 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барьж байгаа бөгөөд энэ жил 268.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан байна. Мөн тус суманд 100 ортой эмнэлгийг дөрвөн  тэрбум 56.0 сая төгрөгийн өртгөөр барихаар төсөвлөсний 385.2 төгрөгийг энэ онд санхүүжүүлэн орон нутагт эрх шилжүүлэн ажлыг гүйцэтгүүлж байгаа ажээ.


Ийнхүү эхний гурван сумын шинэчлэлийн төсөл эхний жилдээ хэрэгжиж амжаагүй ч 2014 онд дараагийн 16 суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын төвийг шинэчлэхээр болсон юм. 

 

Сумын төвүүд ийм болох байв
Тухайн үед Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы танилцуулж байсанчлан “Шинэ сум” төсөлд 2014  онд хамрагдах 16 суманд айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулахаар төлөвлөсөн байв. Сонгосон 16 суманд тус бүр 5 тэрбум, нийт 80 тэрбум төгрөгөөр “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх шийдвэр ийнхүү 2014 оны эхэнд гарчээ. Дээрх сумдын төвийн шинэчлэлийн зураг төсөл боловсруулах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтыг батлагдсан төсөвт багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх ёстой байв.  


Засгийн газрын хөтөлбөрт туссанаар бол төсөл хэрэгжүүлж буй сумдад дэд бүтэц бий болсноор хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна гэж тооцоолсон байв. Мөн сумын төвийн ерөнхий боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэнэ гэж тооцсон байна.


Манай улс 330 сумтай. Үүнээс 3000 хүртэл хүн амтай сум 170, 3000-5000 хүн амтай сум 100, 5000-аас дээш хүн амтай сум 28, хот маягийн суурин 11, хилийн боомт бүхий сум 18 байдаг гэсэн судалгаа бий. Орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого үр дүн муу, оновчтой бус явж ирснээс сумын төвд оршин суугчдын амьдрал, ахуй хүндэрч, айм-гийн төв болон нийслэл хотыг зорьсон шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн гэж шийдвэр гаргагчид үзжээ. Тэдний тооцоолсноор энэ байдалд сумын төвүүдийг шинэчлэх “Шинэ сум” төсөл томоохон өөрчлөлт авчрах байв.

 

“Шинэ сум” төсөл ингэж хэрэгжжээ

“Шинэ сум” төсөл буюу сумын төвийн шинэчлэл хөтөлбөр цаасан дээр хэрэгжиж, гүйцэтгэгч компаниуд нь тодорсон ч өнгөрсөн оны хавар, зуны улиралд зарим сумын төвүүдэд хүрз шороо ч овоолсонгүй. 
Төлөвлөсөн хугацаандаа буюу 2014 онд багтан хэрэгжиж амжсангүй. Намрын хяруутай уралдаж эхэлсэн зам барилга, шугам сүлжээний ажил тэгсгээд зогсчээ. Эдийн засаг хүндэрсэн, улсын төсвийн санхүүжилт оройтсон зэрэг олон шалтгаан бий байх. Гэхдээ ажил оройтлоо гээд чанаргүй хийх ёсгүй. Зүүн гурван аймгийн гурван сумын “Шинэ сум” төслийг “Монгол дайвин” ХХК гүйцэтгэж байгаа. Хэнтий аймгийн Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул сумдад өнгөрсөн онд цэвэр бохир ус, дулааны шугам тавих болон авто замын барилгын ажил хийгджээ. Төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй байгаа болохоор цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээний чанар ямар болсныг хэлэх аргагүй. Харин замын ажил дээрх сумдад олны нүдэн дээр чанаргүй хийгджээ. Оны өмнө амжиж тавьж дуусгасан зам нь зуны эхний борооноор эвдэрч, наадмын үеэр сумын төвд машин унаа, хүн  хөдөлгөөн нэмэгдэх үед жинхэнэ там болон хувирч. Замын хажуугийн боржур нь үйрч бутарсан, сул шороон дээр шигтгэсхийгээд орхисон явган хүний замын алаг хавтангууд нь тарж бутраад юун дээгүүр нь хүн явахтай манатай. Арван тэрбум төгрөгөөр бүхэл бүтэн сумын төвийг шинээр барьсантай харьцуулахад таван тэрбум бага мөнгө ч гэлээ ядаж ганц сарын борооны ус даачихаар зам тавихаас эхлээд хаа хаанаа сэтгэл гаргах л хэрэгтэй болов уу.  


2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  чиглэлээр 31 тэрбум 261.2 сая төгрөгийн ажил л хийжээ. Энэ бол “Шинэ сум” төслийн 40 хувь. 2013 онд эхэлсэн гурван сумын шинэчлэлийн  төслийн санхүүжилтыг эс тооцвол бусад 16 сумын төвийг шинэчлэх ажилд зориулан 2015 оны төсөвт нэг тэрбум 340 сая төгрөг  л төсөвлөжээ. Энэ нь хоёр суманд л авто зам тавих ажлын л санхүүжилт юм.  Харин 2016 онд "Шинэ сум" төслийн хүрээнд Замын-Үүдэд баригдаж байгаа эмнэлэг, сургууль, соёлын төвийн барилгын ажилд нийт 2.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Бусад 16 суманд эхэлсэн "Шинэ сум" төсөлд нэг ч төгрөг төсөвлөөгүй байна.

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.