Буруу даварсан цагдаа бухын хүзүүнээс хатуу

2015.11.02 №007 (2007)

Д.ДАМДИНЖАВ

-Цагдааг дарамтлагч, заналхийлэгч, хүчирхийлэгч болгож буй хөрс суурь юу вэ-

Баримт 1: Согтуугаар авто­машин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, урсгал сөрснөөр 12 настай охиныг дайрч, амийг нь хороов. Хэрэгтэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан су­­мын цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал байв. 
 

Баримт 2: Хятадуудаас ав­лига авсан хэргээр хууль са­хиулах салбарт ажиллаж бай­сан У.Раднаабазар, Б.Бат­баяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгс­­баяр нар шүүхээс ял сонссон.
 

Баримт 3: Эрүүгийн цаг­даагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Горхи, Мэлхий хадны амралтад очоод, архид­сан байна.  Улмаар ах­лагч Н.Өлзийбуян, хошууч Хаш­болор хоёр хоорондоо зо­дол­дон нэгнийхээ амь насыг хохи­роосноор найр тарав. 
 

Баримт 4: ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажил­тай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэ­жаргал хийн буу ашиглаж ху­дал­­дагчдыг айлган сүрдүүлж дэлгүүр дээрэмдсэн хэргээр ял сонссон.
 

Баримт 5: Дөнгөж 4 нас­тай төрсөн охиноо зодож амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргийг цагдаагийн албан хаагч үйлджээ гэсэн мэдээ нийгмийг цочроосон. Тэгвэл уг мэдээлэл үнэн болох нь нотлогдож, охины эцэг, цагдаагийн ахлагч Т.Цогтод  шүүхээс 24 жилийн ял оноосон. 

Баримт 6: Сошиал орчинд саяхан “Та миний эрхийг ун­шаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п... вэ” хэмээн хараан зүхэж, өшигчин зодож байгаа бичлэг тарав. Эрүүдэн зодож байгаа цагдаагийн омголон да­вилуун хийгээд ажиггүй харж суугаа бусад цагдаа нарт дур­гүйцсэн сэтгэгдэлүүд олон байсан. 
 

Баримт 7: Баянзүрх дүүрэгт цагдаагийн тусгайгийн алба хаагчид цэргийн албан хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл гарсан. Цагдаагийн ерөнхий газраас эл хэргийн талаар мэдээлэхдээ “Хэрэгт холбогдсон таван этгээдийн дунд цагдаагийн алба хаагч байх магадлалтай” гэж хэргийг нууцалсан. 


Баримт 8: Налайх дүү­рэгт Н.Оюунчимэг гэх бүс­гүй гэртээ боомилж  амиа  алдсан байдалтай олдсон. Талий­гаа­чийн ар гэрийнхэн эл хэрэгт түү­ний нөхөр Буяннэмэхийг сэжиглэсэн. Буяннэмэхийн хувьд цагдаагийн ахмад цолтой, хэрцгий догшин зантай нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зоддог, эхнэрийнхээ амийг хө­нөөх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан талаар гэрчүүд хэлж байжээ. 

Баримт 9: Цагдаагийн алба хаагч гудамжинд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, хэрцгий балмад авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлт­­­сийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж байсан нь то­дорхой болж, ажлаасаа халагд­сан байдаг. 


Энэ бол Монголын цагдаа нар алуурчин, дээрэмчин, зан­далчин, гэмт хэрэгтэн болж хувирсан баримтууд. Эдгээр баримтаар нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Гэвч төрийн цагдаагаас ийм олон гэмт үйлдэл гарч байгаа нь хэтэрсэн, хэтийдсэн үзэгдэл биш гэж үү. Гэмт хэрэгтэй тэмц гэж  итгэл хүлээлгэсэн цагдаа нар нь өөрсдөө гэмт хэрэг үйлдээд эхэлбэл энэ ард түмэн хэндээ найдаж, хэнээс сэргийлэх болж байна аа. 


Цагдаатай холбоотой шүүмж­лэл, гомдол сүүлийн жи­лүү­дэд улам л ихэссэн. Салбарын сайд нь “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэж уриалаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагд­сангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүл­цэн­гүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Хүнийг нь биш, сүлдийг нь хүндэлсэндээ тэр юм. Гэтэл буруу даварч, хазгай сэтгэсэн цагдаа нар “Бид бол төр. Та айж, бид айлгах ёстой” гэсэн шиг даналзсаар, адагтаа алуурчин мэт авиржиж, дээрэмчин мэт хэрцгийжиж ирсэн байна. 


Олны олонд ганц нэг муу авир, гэмт үйлдэл, буруу хазгай байлгүй яахав дээ гэж өмөөрөх хандлага байдаг. Нэг чулуу хөдөлсний төлөө уул нүүсэн мэт сүржигнэх хэрэггүй ч гэдэг. Тэгвэл уучлаарай, цагдаа нар аа. Та нараас нэг ч өө сэв олж хармааргүй байна. Энэ бол төрдөө итгэж, хуульдаа за­хирагдан амар тайван амьдрах гэсэн иргэн хүний хүсэл. 


Энэ салбарт хамгийн шу­дарга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажил­­­лах учиртай. Учир нь тан­гараг өргөсөн цагдаа на­майг хамгаална гэж итгэдэг. Харин эсрэгээрээ занадаг, за­нал­­хийл­дэг, сүрдүүлдэг, до­ром­жилдог бай­хыг зөвшөөр­мөөргүй байна. Дээр өгүүлсэн баримтууд бол гэмт хэрэг үйлдэж, шийтгэл хүлээсэн то­хиолдлууд нь л юм. Харин нийгэмд цагдаа нарын хэнээр­хэл, ёс суртахууны догол­дол, жинхэнэ гэмт хэрэгтний сэт­гэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна. 


Яагаад эзэнгүй вэ гэвэл тэр үйлдлийнх нь талаар хэн ч гомдол гаргаж зүрхэлдэггүйд оршино. Цагдаагийн зуултад орохыг хэн л хүсэх вэ дээ. Тийм л учраас Монголд цагдаагийн алба хаагчдын нэр хүнд далд судалгаагаар маш муу гарч, харин ил дүгнэлтээр “А” үнэлгээ авдаг хэрэг. 


Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүү­хэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өм­нөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэх­дээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу. 


“Энэ моньдийн яс  маханд нь л  хэлж өгөхгүй бол бол­доггүй золиг байгаа юм” гэж хэлээд л хүүхдээ гөвшиж өгдөг эцэг, эхчүүдтэй адил Монголын цагдаа эрхээ хэрэгжүүлдэг. Өд­гөө дээрх эцэг, эхчүүд гэр бү­лийн хүчирхийлэгчид болж хувирч байгаа бол мөнөөх цагдаа нар нь харин гэмт хэрэгтэн болж өсөн торниж байх шив. Энгийнээр бодоход ч энэ бол боломжтой хувирал шүү дээ. Ажил дээрээ байнга л хэн нэгнийг дарамталж, зо­дож, зандчиж дадсан хүн ар гэртээ очоод гарынхаа үзүүрт эхнэр, хүүхдээ  хэлмэгдүүлэх нь энгийн л нэг сурц, өөрийн эрх­гүй тө­лөвшиж  тогтох реф­лекс маяг­тай болох нь аргагүй биш үү. 


Тиймд цагдаагийн бай­гуул­лагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хү­лээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинтай тэмцдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зө­рүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй. 


Уг нь цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гэмт хэргийн гаралт, ил­рүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нэмэгдэх учиртай. Улаанбаатар хотын дүүрэг бүр нэг цагдаагийн хэлтэстэй байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа. 


Гэтэл 2015 оны эхний най­ман сард 36118 гомдол мэ­дээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол дараагийн ганцхан сард энэ 31766  гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, захир­гааны  зөрчил  л  гэхэд  8000 гаруйгаар нэмэгджээ. Эндээс цагдаагийн тоонд бус, чанарт асуудал байна аа гэдгийг харж болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна. 


Цагдаа нэртэй цэвэрхэн дээрэмчид, хууль ярьсан хурган бацаанууд гэж тэднийг дуудаж байна. Аливаа нэр хоч хоосноос ургадаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, цагдаагийн бай­гууллагаас аж ахуйн нэгж, компаниудыг олноор шалгаж, дарамт учруулж байна гэх мэдээлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Цаг­даагийн газраас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шал­гаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орчихсон тууж явна. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдсэн. 


Цагдааг дарамтлагч, занал­хийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярихгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нэг, хоёр цагдааг муулж үзэн ядаад өнгөрөх нь дэндүү харалган. Шарилжийг нь түүгээгүй хөрснөөс хогийн ургамал л ургах нь мэдээж шүү дээ. Цэцэг ургах байсан чинь үзлийн муухай шарилж ургачихлаа гэж шаагилдах утгагүй биш үү. 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.