Ш.Дулмаа: Явуу багш бол Монголын яруу найргийн хаан нь юм шүү дээ

2016.11.16 Лхагва №106 (2137)

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Шагдарын Дулмаатай ярилцлаа.

 -Нутаг ус, аав, ижийн тань тухай сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Таныг Төв аймгийнх гэдгийг уншигчид маань сайн мэдэх байх аа? 
-Миний аав, ээж бурхан шиг хүмүүс байсан юм. Намайг аав, ээж, авга ах гурав минь өсгөж хүмүүжүүлсэн дээ. Тэд маань бичиг үсэггүй улс байлаа.  Тэгсэн хэрнээ ямар мундаг монгол нарийн хар ухаантай хүмүүс байгаа вэ. Зүйр цэцэн үгээр л намайг ухаажуулсан. Намайг дөнгөж хэлд орохоос л үлгэр ярьж өгдөг байлаа. Сургуульд орохдоо би өчнөөн үлгэр, зүйр цэцэн үг мэддэг тийм охин байв. “Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гадаа хоолгүй” гэдэг юм аа гээд л явуулна. Ийм сайхан зүйр үг хэлээд явуулахаар хүүхэд чинь урамшаад яваад өгнө. Муу жаахан сагсаа үүрээд аргалаа түүнэ. Гантай тэргээ аваад усанд явна. Миний аав, ээжийн хүнийг хүн болгох тэр ухаан зүрхэнд шингэсэн юм. Монголын зүйр цэцэн үг гэдэг тэр чигээрээ гүн ухаан байдаг. Гүн ухаанаар намайг хүмүүжүүлжээ. Тэр сайхан үгс нь миний зүрхэнд оршоод тийм хүн болох юмсан, тэгэх юмсан ингэх юмсан гэж их боддог байлаа. Их мөрөөддөг хүүхэд байлаа, би. Ээж, аав минь миний мөрөөдлийг бий болгож өгсөн. Сургууль соёлд яваад ирэхэд урмаар шагнана. Би монгол эмэгтэй хүний сурвал зохих бүхий л зүйлийг сурсан даа. Тэр бол ээж, аавын минь л буян юм. Бүүр жаахан хөлд орохдоо л хурга, ишгээ эргүүлдэг. Жаахан томроод тугал татдаг. Тарга бүрэх, сүү хөөрүүлэх, цагаан идээ боловсруулахад суралцсан. Ээж, аав минь намайг хүний ганц охин үр гэхгүй айлын бүх ажлыг хийлгэж сургасан. Айргаа бүлнэ, гүү, хонь, үхрээ саана. Тэр үед манайх арван хоёр тэмээтэй байсан. Тэднийгээ ч сааж, сааль, сүү авна. Товчхондоо ээж, аав минь ганц охин наддаа аж амьдралын олон юмыг зааж өгсний хүчээр би өдий зэрэгтэй амьдарлаа. Би их сургуульд орохдоо дээлээ өөрөө оёод өмсчихдөг, цагаан идээгээ боловсруулж чаддаг, айлын эмэгтэй хүний хийдэг бүхий л үйлийг хэнээс дутахааргүй хийж сурсан байсан. Буурал, аав, ээж хоёр маань ядарсан хүнд туслахыг дандаа захидаг байлаа. Тэр бүртээ манайхаас саахалтын цаана давааны ард байдаг настай эмгэнийх рүү сагстай мах үүрүүлээд явуулна. Тэр хөгшин хоол хүнсгүй болж байгаа гээд хайрсан боорцог дээр өрөм, тос түрхээд өгч явуулдаг байж билээ.  Би ч хөөрхий тэр настан буурлынх руу урамтай гэгч нь явж, түүнд хоол, хүнс дөхүүлж өгдөг байж. Ер нь хүнд туслана гэдэг хэчнээн сайхан. Сэтгэл онгойгоод, баяр жаргалтай болоод, тайвшраад ирдэг юм. Ээж, аав хоёр маань үүнийг мэддэг байсан болохоороо бусдад дандаа туслаж бай. Эргээд хариу бүү хар гэж сургасан.
-Айлын ганц эрх танхил охин хэрхэн эрдэм номын мөр хөөсөн бэ?
-Би Багшийн их сургуулийн хэл бичиг, утга зохиолын ангийн оюутан байлаа. Надтай маш ухаантай, мундаг хүмүүс хамт сурч байсан. Манай ангид олон мундаг  хүүхдүүд сурч байсны нэг нь хэл бичиг, уран зохиолын доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэнд юм. Тэрээр уран зохиолын шүүмж их бичнэ. Юмыг ултай суурьтай сайн нягталж дүгнэж шүүмжилдэг. Би л лав Д.Цэнд шиг сайхан шүүмж бичдэг хүнийг мэдэхгүй. Оюутан байхдаа ч онц сурдаг  байсан. Тэр үедээ Багшийн их сургуулийн лекц семинарыг алдалгүй, маш эмх цэгцтэй бичдэг хоёрхон оюутны нэг нь Цэнд байлаа. Нөгөөх нь Лувсанвандан. Хожим Соёлын яамны сайд болсон С.Лувсанвандан шүү дээ. Хуучин монгол бичгээр сайхан бичдэг байлаа, бидний үед. Өөр ч мундаг  оюутнууд байсан. Англи хэл сайн мэддэг Нямсүрэн гэж оюутан байлаа. Хэн юу чадаж байгаагаараа бие биедээ туслаад явдаг байлаа, бид. Ёстой дэм дэмэндээ явж байгаад л их сургуулиа төгссөн дөө. Ихэнх хичээлийг орос хэл дээр заадаг байсан. Энэ нь хожим намайг Орост сурахад их хэрэг болсон.  Комсомолын дээдэд сурч байхдаа оюутнуудад хичээлийг нь тайлбарлаж өгдөг байлаа. Бидний үеийн оюутнууд одоогийн хүүхдүүдийг бодвол юм юмаар гачигдал, дутагдалтай байсан хэдий ч эрдэм сурахын төлөө өглөөнөөс оройг хүртэл сургууль дээрээ байж хичээлээ номоо давтдаг байлаа. Тийм  л хичээл зүтгэлтэй байсан даа.
-Тэр үеийн оюутнуудын соёл ямар байв. Оюутнууд бол тухайн цаг үеэ тодорхойлдог доо? 
-Оюутан болоод нэгдүгээр ангидаа дотоодын үйлдвэрийн туфли өмсөөд их сургуулийнхаа шинэ жилд орсон юм. Ёолкондоо орсон чинь Анагаах ухааны их сургуулийн тавдугаар курсийн хүүхнүүд намайг шоолоод. “Шинэ жилд ирж байж дотоод үйлдвэрийн туфлитэй ирээд байхдаа яахав дээ” гээд л. Би уйлаад тэр цэнгүүнээс гарч байсан. Тэгээд гэртээ харьж эгчдээ уйлаад ярьсан чинь эгч минь “Тэд чинь гадаад толгойтой улс уу” гэж надад хэлээд “Олон юм ярилгүй чи хичээлээ л сайн хий.  Хичээл, номоо сайн хийвэл чи тэднээс дутахгүй л амьдраад явна шүү дээ” гэж билээ. Тэгж нэг сайхан ёолк тасарч байв. Одоо бодоод байхад юу өмсөх нь хүнд тийм чухал биш шүү дээ. Сургуулиа төгсөөд Эвлэлийн төв хороонд лектороор ажиллаж байтал намайг хойшоо Комсомолд сургахаар илгээсэн. Тэнд ёстой нүд тайлсан даа. Бүх эрдмийг заана. Хувь хүний биеэ авч явах соёл, тоглоом наадгай гээд мэдэж, ухаарвал зохих бүхнийг би тэнд сурсан. Онол заахаас гадна сайн хүн байхыг, хэрхэн үлгэр дуурайлтай амьдрахыг сурсан. Манай багш нар тийм л шилдэг хүмүүс байсан. Хойно сурч байхад багш нар маань хүнийг эхлээд хүн болгох гэдэг байсан. Тийшээ хамт суралцахаар явсан залуус маань бүгд соёлын томоохон зүтгэлтнүүд болсон. Гадаадад сурч байхад гэрээ, эх орноо, үр хүүхдүүдээ их санана. Саналаа гээд ойр ойрхон гүйгээд байж болдоггүй. Өвлийн амралтаар ирээд хүүхдээ өвөртлөөд хэд хоног унтах сайхан шүү.  
-Таны үеийн тэнгэрлэг сайхан яруу найрагч, төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай “Одтой явсан залуу нас минь зүрхэнд үүрээ эрт зассан юм” хэмээн нэгэнтээ бичсэн байдаг. Танай үеийнхний оюутан ахуй цаг, онгод найргаа хөглөсөн тэр үе үнэхээр сайхан байж дээ?
-Тэр одтой, онгодтой цагийн тухай сайхан дурсамж олон бий дээ. Унгарт явж байхад санамсаргүй Гёте “Фауст”-аа бичиж байсан ширээн дээр суух завшаан олдсон юм. Энэ их азтай золтой үйл явдал байсан. Нэг орой ганцаараа юм идэх гээд байх подвальд байх жижигхэн ресторанд  орсон юм. Тэгсэн чинь эзэн нь “Та хаанаас ирсэн хүн бэ” гэдэг юм байна. Би хариуд нь “Би Монголоос ирсэн яруу найрагч хүн, энд сургуульд сурдаг юм аа”  гэлээ. Тэгсэн тэр хүн “Та тэгвэл тийшээ суу” гээд дагуулаад явлаа. Би ч жаахан гайхаад түүнийг дагаад явлаа. Гэтэл миний сууж байсан ширээнээс нэлээд цаана хэн ч суудаггүй бололтой өвөрмөц нэгэн ширээ байна. Тэр хүн намайг тэр ширээнд суухыг хүсэв. Би ч суулаа. Тэгсэн чинь юу болсон гэж санана. Ухаалаг, маш өндөр боловсролтой, соёлтой тэр хүн “Таныг яруу найрагч гэж мэдсэнгүй, уучлаарай. Энэ Гётегийн “Фауст”-аа бичсэн ширээ байгаа” юм гэдэг байгаа... Ингээд намайг дайлж цайлан, их хүндэтгэл үзүүлсэн. Би бэлэгшээж баярлан хана руу харсан чинь “Гёте энд “Фауст”-аа бичиж дуусгав” гээд алтаар биччихсэн байсан. Тийм ширээн дээр суусан чинь би бүр онгирчихдог юм байгаа биз дээ. Өөрөө Гёте шиг зохиолч болсон юм шиг хөөрөөд, их баярлаж байсан. Тэнд сууж шүлэг бичсэнээ хүмүүст би ярих дуртай. Би хойно сурч ирээд “Үнэн” сонинд ажилласан. Комсомолд сурсан эрдэм маань их хэрэг болсон доо. Арай өөрөөр юмыг харж, бичдэг болсон. Оюутан байхдаа би Лениний номын санд карттай, номын санч хүүхнүүдтэй нь танилцаад бүр фондонд нь байдаг ховор номуудыг нь хүртэл гаргуулж уншсан.  
-Комсомол төгсч ирээд хаана ажилласан бэ?
-Эвлэлийн байгуулагын үзэл суртлын хэлтэст ажилласан. Залуучуудын бүх л үдэшлэг, уулзалт, хөдөө хадлан тариалан дээр ажиллах, бас сайн дураараа нэгдэх тэр бүх ажилд гар бие оролцож, зохион байгуулж явлаа. Манай үеийн залуус улс эх орондоо ихийг хийж бүтээсэн дээ. Тэр үеийн хөдөө аж ахуй, газар тариалангийн ихэнх ажлыг залуус нугалдаг байлаа. Малын үс, ноос авч, арьс шир боловсруулах, хадлан бордоо бэлтгэх, өвөлжөө, хаваржаа барих, худаг ус гаргах, барилга барих, зам, гүүр тавих зэрэг бүх ажлыг  оюутнууд л чанартай, хурдан шуурхай хийж, гүйцэтгэж байсан юм. Би заримдаа бригад удирдаж, залуусынхаа дунд нь орж ажиллана. Хүн болгон ажилтай болохоор урамтай байдаг байлаа. 
-Та тухайн үеийн нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд багагүй хугацаанд ажилласан хүн. Тэр үед хэвлэл мэдээлэл гэдэг үзэл суртлыг зэвсэг, намч, ангич, ардач үзлийн дуу хоолой байсан даа?
-Би ЗХУ-ын Коммунист намын төв хорооны дэргэдэх сэтгүүлчийн ангид суралцаж, сэтгүүлч болсон юм. Тэр сургуульд сэтгүүлчийн мэдэх, чадах ёстой, сэтгүүлчид хэрэгтэй бүхий л зүйлийг надад зааж, сургасан. Хэрхэн яаж бичихийг, хэнээс ямар ярилцлага авч, түүнийг юу болгож нийтлэхийг амьдрал, сэтгүүл зүй гэж юу болохыг заасан даа. Сургуулиа төгсөөд ирэхэд минь намайг “Үнэн” сонинд хуваарилсан юм. Би сэтгүүлчийн ажил, мэргэжилдээ үнэнч байсан. Тийм болохоор “Үнэн” сонины соёлын хэлтэст 20 жил ажиллаад тэндээсээ тэтгэвэрт гарсан.  Энэ хугацаанд 5000 гаруй мэдээ, өгүүлэл, эссэ, нийтлэл, зураглал бичсэн байдаг юм. “Үнэн” бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн голлох хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг яах аргагүй мөн. Тэнд билгүүн номч Бямбын Ринчен гуай, их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай, Сономын Удвал ахайтан гээд манай нэр, нүүр болсон оюуны их сэхээтнүүд ажиллаж байсан түүхтэй. Тэнд бүгдээрээ  “Үнэн” сонинд цаг үеийн хөрөг, найруулал, эссэ, аян замын тэмдэглэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өгч, нийтлүүлдэг байлаа. Өөрөөр хэлбэл тэр цагт Монголын сэтгүүлзүйн салбарыг жинхэнэ сэхээтнүүд авч явжээ. Тэднийхээ туршлагаас л би суралцаж байлаа шүү дээ. “Үнэн” сонины гол үзэл баримтлал, нийтлэлийн бодлого нь хүнийг хүмүүжүүлэх, ард олныг соёлжуулан, соён гэгээрүүлэх, ажил хөдөлмөрийн арга техникийн талаар тэргүүн өгүүлэл болгож гаргадаг байсан юм. Тэргүүн өгүүлэл гэдэг нь тухайн цаг үе нийгэмд, улс оронд болж буй онцгой үйл явдлын талаар бичиж хэвлэнэ. Жишээ нь намар болж байвал хадлан тэжээл хэрхэн бэлтгэх вэ, хаана яаж ажиллаж байна, дараа жилийн нөөцөө хэрхэн зэхэж хадгалах вэ гээд сэдвийнхээ дагуу бүхий л зүйлийг судалж, багтаана. Түүгээрээ онцлогтой юм. Сурвалжлагчаар ажиллах хугацаандаа би их ч юм үзсэн, олон ч газар явсан. Залуучуудын сангийн аж ахуй, улсын аварга малчных, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, сайд дарга нар гээд бүхий л салбарын хүмүүстэй уулзаж ярилцана. Тэр бүгдээс би заавал сайн, сайхныг хийж бүтээх урам зориг, ухааралыг олж авдаг байлаа. Олон хөдөлмөрийн баатартай уулзаж, тэдний талаар бичсэн дээ. Хоньчин баатрын ажил, амьдралын тухай сурвалжлахаар явахдаа тухайн айлдаа  гурав хонож, малчны хот, хорооны ажлыг хамт хийлцэж амьдралын хэв маягт нь орж байж тэр хүнээ гүйцэт танина шүү дээ. Сэтгүүлч хүний сэтгэн бодох, юмыг ойлгон ухаарах тэрийгээ эвлүүлэн бичих, түүнийгээ хүнд хүргэх чадвар бол асар их хөдөлмөр зардаг ажил. Би энэ мэргэжилдээ их хайртай. 
-Утга зохиолд хөл тавьсан үе тань хэзээ вэ. Явуугийн ширээг тохойлдон шүлэг унших хувь оногдсон залуусын нэг нь та байсан гэдэг дээ?
-Явуугийн шавь болсон маань их хувь заяа байсан даа. Тэр бол үнэхээр гэгээн гэрэлт он жилүүд байсан. Би бага сургуульд байхаасаа л шүлэг яруу найраг бичсэн. Надад уран зохиолоос өөр зүйлд цаг гаргах чөлөө байгаагүй. Зав цаг гардаг л юм бол би уншдаг, боддог, бичдэг. Уран бүтээл, утгыг гаргах гэж цаг ямагт санаагаа чилээж явна. Үүнээс өөр илүү дутуу зүйлд санаа сэтгэлээ хувааж явсангүй. Амьдралд байх мөн чанаруудыг танин мэдэж түүнийгээ бусдад хүргэж ухааруулах гэж би бүхий л амьдралаа зориулсан гэж боддог.  Хүмүүс шиг элдэв цуглуулга надад байхгүй. Харин ном бол бий. Одоо ч  чадлынхаа хэрээр уншаад бичээд л байж байна. Би чинь оюутан байхдаа гурван хүүхдийн ээж болсон хүн шүү дээ. Дөрвөн жилд гурван хүүхэд гаргасан. Манай ангийнхан өдөр бүр үзсэн хичээлээ надад авчирч өгдөг. Тэр үед ч миний ой их сайн байж. Нэг уншаад л тогтоочихно. Дэвтэр дэвтрээр нь цээжилчихдэг байж. Тэгээд шалгалт шүүлгээ сайн өгөөд явдаг байлаа. Хүүхдээ асрахын хажуугаар хичээл номоо цалгардуулахгүй л сураад төгссөн дөө. Одоо дөрвөн сайхан хүүхэдтэй. Бүгд өсч том болоод хувь хувийнхаа ажил төрлийг хийгээд сайн  явж байна. 
-Тухайн үед Явуухулангийн шавь нар гэгдэж байсан залуус өнөөдөр бүгд олны танил, алдар цуутай найрагчид болжээ. Явуу багш тань та нарт юу гэж сургадаг байсан бэ?
-Явуу багш жинхэнэ соёлжсон сэхээтэн хүн байсан. Үргэлж сайхан костюмтай, үргэлж сайхан үс, зүстэй явна. Индүүдээгүй костюм хэзээ ч өмсөхгүй. Тийм нямбай цэвэрч хүн. Тэгээд “Яруу найраг гэдэг өөрөө эзнээ голно уу гэхээс яруу найрагч уран бүтээлийг голохгүй ээ. Уран бүтээл чинь өөрийг чинь голно шүү. Их гоё яв. Яруу найрагч болно гэвэл гадаад болон дотоод үзэмжиндээ анхаар. Хэл соёл, мэдлэг, боловсролоо байнга нэм” гэж хэлдэг байлаа. Явуу багш өөрийгөө, яруу найргаа хүндэтгэдэг болохоор тийм чамбай байсан байх. Шууд хэлэхэд Б.Явуухулан багш минь Монголын их яруу найргийн хаан юм шүү дээ. Бидний багш нарын эрдэм, ухаан цаст уулын оргил мэт, сэтгэл зүрх нь цагаан уул цэцэг мэт байжээ. Явуу багш “Яруу найрагч гэдэг нэрээ дааж яв, хүндэлж яв” гэж захидаг байв. Манайхан багшийн хэлснийг их бодно. Манай П.Бадарч, Ш.Сүрэнжав нарыг би хэрүүл уруул, зодоон цохион, элдэв юманд оролцож байхыг нь мэдэхгүй.  Маш журамтай, дэгтэй. Явуу багшийнхаа үгэн дотор бид амьдарсан.
-Шаравын Сүрэнжав, Шагдарын Дулмаа, Пунцагийн Бадарч, Пүрэвжавын Пүрэвсүрэн гээд л нэгэн үеийн найрагч анд нөхдийнхөө  тухай Р.Чойном найрагч шүлэглэсэн байдаг даа?
-Ш.Сүрэнжав бид хоёр нэг нутгийн хүмүүс. Төв аймгийн Авдарбаян суманд бүртгэлтэй. Авдарбаян сумыг сүүлд засаг захиргааны хуваарилалтаар Баян, Сэргэлэн, Баянцагаан гэсэн гурван сум болсон юм. Би Сэргэлэнд харьяалагддаг. Гэхдээ Баянг ч миний сум л гэдэг. Аль нь ч миний нутаг юм чинь би алинд нь ч гэсэн очдог. Сүрэнжав бид хоёр энэ нутгаар ёстой шуугиулж явлаа. Морь унаад л наадамд явна. Малд их явна. Ер нь манай нутаг говь, тал, хээр хосолсон сайхан хангай. Авдар уул, Үнэгт, Өвгөнт, Хатуу Ханхай, Баянгийн хоолой гээд хүний сэтгэл татсан газрууд олон бий. Манай нутаг Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлснээр ёстой нөгөө “Таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал” юм даа, хөөрхий. Үнэндээ нүцгэн тал гэхдээ цэцгийн хүрээлэн цогцолсон байдаг. Талын цэцгэн дунд л өслөө. Би бол ер нь нар, цэцгийн хооронд л хүн болсон. Хөл нүцгэн гүйж, хурга, ишгэнд яваад, жаахан том болохоороо морь унаж чавхдаад талын хүний амьдралаар өссөн дөө. Манай нутагт барагтай мод ургадаггүй юм. Тэгсэн  хэрнээ тэр сайхан цэцэг, ногоо, ургамал, талын бэлчээр, олон жижиг булаг шанд, аараг бор толгод бол яалт ч үгүй миний төрсөн нутаг юм. Би тэндээс л ургаж гарсан хүн.  Манай Ш.Сүрэнжав ч тэндээс гарсан. Ш.Сүрэнжавынх Цантаар нутагтай. Бид Явуу багшийн ширээг түшиж яруу найрагт орж ирсэн. Явуу багш хойно төгсч ирээд яруу найргийн бүлгэм нээж бид тэнд явдаг байсан юм. Тэр уран зохиолын дугуйлан бидэнд ихийг өгсөн. Харин П.Бадарч манай цаад талын сумынх л даа. Баянцагаан, Сэргэлэн, Баянжаргалан, Авдарбаяны уул талаар нутагласан хэдэн яруу найрагчид, бид бараг уудаг ус нэгтэй гэхэд хилсдэхгүй. П.Бадарч техникумд байхдаа уран зохиолын дугуйланд орж ирсэн юм. Тэр цагаас хойш бид 60 жил нөхөрлөж байна. Уран зохиолын дугуйлангаараа  хөглөгдөж бид их зүйл сурч, мэдэж, хийж бүтээсэн. П.Бадарч бид зовлон, жаргалын алинд ч биесээ түшиж нөхөрлөсөн юм. Юу ч тохиолдсон үргэлж хамт байж, нэг нь нөгөөдөө сэтгэлийн их дэм өгч, тэр нь эргээд хэн хэний маань амьдрал, уран бүтээлд тус дэм болсон байдаг. Миний хэдэн найз нар бол уран бүтээлдээ цаглашгүй үнэнч, уран бүтээлийнхээ төлөө амьдарсан хүмүүс юм шүү. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.