Р.Т.Эрдоган гадаад бодлогоо үндсээр нь өөрчлөх үү

2016.11.09 Лхагва №105 (2136)

- Парламентын 11 гишүүнийг баривчилж, олон нийтийн сүлжээг хаажээ -

Туркийн Ерөнхийлөгч Европын зөвлөл рүү хаягласан хатуу үг чулуудах нь сүүлийн хоёр сард эрс олширчээ. Хэдхэн сарын өмнө тэр Европын холбоонд элсэх горьдлого тээж, Брюсселиэс дуудлага хүлээж байсан. Харин одоо “Аллага хядлагыг өөгшүүлж байна” хэмээн буруутгах болов. Өнгөрсөн ням гаригт тэрээр үндэсний телевизийн эфирээр мэдэгдэл хийхдээ “Курдын ажилчдын намаас хурааж авсан зэр зэвсэг Европын холбооны орнуудаас нийлүүлэгдсэн байсан. Баруу­ныхан манай улсад сайн зүйл нэгийг ч хийгээгүй. Турк улс Европыг хаалгаа нээхийг нь 53 жил гадна нь хүлээж зогслоо. Одоо юуг нь хүлээх юм бэ” гэж мэдэгдсэн нь ажиглагчдыг “Р.Т.Эрдоган гадаад бодлогоо эрс өөрчилж, Европын хол­бооноос нэгмөсөн зайгаа авах гэж байна” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн бол маргааш нь ОХУ-тай батлан хамгаалах цэргийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон нь таамгийг улам батжуулсан юм. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг гаргаад энэ оны сүүлээр хуралдуулж, нарийн ширийн асуудлаа ярилцахаар тохирсон бөгөөд одоо хаана, яг хэзээ гэдгээ тохирох л дутуу байгаа гэнэ. 

Р.Т.Эрдоган Европын холбооны хоорондын үл ойлголцол өнгөрсөн зурга­дугаар сард болсон төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогоос болсон гэдэг нь тодорхой. Төрийн эргэлт хийгчдийг Р.Т.Эрдоган хатуу чанга гэсгээн цээрлүүлж, хилийн чанадад гарсан ч холбоо сүлбээгээ ашиглан хойноос нь мөрдөж, гэсгээн цээрлүүлж байсан. Гэтэл Германд зугтан гарсан тэрслэгчдийг А.Меркелийн засаг захиргаа шилжүүлж өгөхөөс татгалзжээ. 
Энэ нь Р.Т.Эрдоганы уурыг маш ихээр хүргэж, ням гаригийн мэдэгдэлдээ “Германы барим­талж байгаа байр суурь бидний сэтгэлийг зөвхөн түгшээгээд зогсохгүй айдаст автуулж байна” гэсэн өгүүлбэр хэлэхэд хүргэжээ. 

Европын холбооны хариу
Европын холбоо түү­ний энэ мэдэгдлийг зүгээр хараад суусангүй, Люксембургийн Ерөнхий сайд Жан Ассельборн энгийн ард иргэд, сэтгүүлчдийн эсрэг хийсэн бусармаг үйлдлийнх нь төлөө Туркт эдийн засгийн болоод бусад хориг арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн байр суурийг даваа гаригт  илэрхийлсэн юм. Үнэхээр ч бослого дарагдаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байхад Р.Т.Эрдоган тэрслэгчдийг гэсгээн цээрлүүлэх ажлаа улам бүр өргөн далайцтай үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, Турк дахь провайдерууд энэ сарын 4-нөөс эхлэн Facebook, Twitter, Youtube, WhatsApp мессенжер гэх зэрэг олон нийтийн сүлжээг хааж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэх болсон. Түүнд “Зургадугаар сарын төрийн эргэлтэд буруутгагдаж баривчлагдсан Парламентын 11 гишүүний баривчилгаатай холбоотой мэдээллийг газар авахуулахгүйн тулд ийм алхам хийсэн” гэж дурдсан байгаа юм.  
Ж.Ассельборн мэдэгдэлдээ “Ийм улс Европын холбоо, Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн байж тэнцэхгүй” гээд Р.Т.Эрдоганыг “дарангуйлагч” гэж нэрлэсэн юм. Тэрээр мөн Турк улсад хийгдэж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 60 хувь, нийт экспортынх нь 50 хувь Европын холбооны улсуудад ногддогийг сануулжээ.   
Р.Т.Эрдоган энэ занал­хийллийг үл тоон бие даасан бодлого явуулж чадах уу гэсэн асуултад ажиглагчдын дийлэнх нь “Тийм” гэсэн хариу өгч байна. Европын холбооны гишүүн болгох болзол тавихдаа Европын холбоо Р.Т.Эрдоганыг цагаач­дын асуудлаар баримтлах бодлого, аллага хядлагатай тэмцэх тухай хууль хоёроо өөрчлөхийг онцгойлон шаард­сан байдаг. Тэдний бодлоор, Р.Т.Эрдоган яг тэр үед л төрийн эргэлт болох гэж байгааг мэдэрсэн гэнэ. Тийм ч учраас саналыг хүлээж аваагүй. Фетхуллах Гюлен, түүнээс дутахгүй нөлөөтэй, илүү радикал үзэлт нөхдүүд Туркт эргэж ирэхийг чухам энэ хууль л хориглож байсан, тиймээс Европын холбооноос зөрснөөрөө Р.Т.Эрдоган эц­сийн эцэст зөвдсөн.  
Харин “чадахгүй” гэж үзэгсэд Р.Т.Эрдоганы хувьд Европын холбоо эдийн засгийн маш чухал түнш гэдгээс гадна бослого, төрийн эргэлт гаргах нь Р.Т.Эрдоганы хэрэгцээ байсан гэх хачирхалтай тайлбарыг өгч байгаа юм.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.