Их хотын шилдэг тариаланч өрх

2016.09.30 Баасан №091 (2122)

 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

Хамгийн хойд захын тэр жижигхэнд гүзээлзгэнэ, тэр наад талын арай томд улаан лооль, өргөст хэмх, харин энэ хамгийн томд байцаа тариалдаг гэх мэт шү­дэнз­ний хайрцаг дэлгээд тавьсан аятай дөрвөлжин дөрвөлжин шилэн торх­нуудаа гэрийн эзэн тайлбарлах аж. Улаан, ягаан, шар, хүрэн зэрэг өнгө алаг­ласан модод сагсайн харагдана. Модод ийм элдэв өнгөтэй байгаагийн шалт­гаан гэвэл мойл, тошлой, үхрийн нүд, чацаргана ганц нэгхэн харагдах учир тэр юм. Жимсээ хураагаад дуус­чээ. Үлдсэн хэд нь өвлийн хүйтэнд болж­морууд ямар нэг нөмөртэй га­зар бараадан бөөвийн суудгийг са­наг­дуулам үзэгдэнэ. Хүүхдийн сэт­гэл­гээгээр бол үлгэрийн баатрууд амь­дардаг юм уу гэлтэй бор модон бай­шин байна. Хашааны тэг дунд байр­лах хүлэмжийн дэргэд хөвөнтэй саарал даавуун дээлтэй шар дурдан бүсэл­чихсэн буурал толгойтой нэг хүн тонголзон ямар нэгэн зүйлийг хи­чээнгүйлэн хийх нь шувуу будаа тонших лугаа санагдана. Түүнтэй мэнд­лэхэд “Өө, чи ирэв үү?” гээд хийж байсан ажлаа нэн даруй орхиод өнөөх өхөөрдөм байшин руу орлоо. Байшин дотор номын тавиур цонх, хаалга, ор, сандал, ширээ гээд бүгд ижилхэн өнгө­тэйн дээр загвар хийц нь эднийг нэг хүний бүтээл гэдгийг бэлхнээ илт­гэмээр. “Цасан гуа ба долоон одой”-н үлгэрт гардаг ойн дундах байшинд ир­сэн мэт. Гэхдээ энэ бол яг түүн шиг тохижуулсан Баянхошууны Зүүн салаанд байрлах “Нийслэлийн шилдэг та­риаланч” Н.Цэдэнбал гуайн хашаа, өхөөрдөм байшин юм. Үг дуу цөөтэй, жаахан хэнэггүйдүү юм уу гээд хэлчихмээр намхан бор өвгөн цонхоор гаднах цаг агаарын байдлыг ажиглангаа “Ногоо тарихад хөрс гологддоггүй юм. Анх 1982 онд эхнэр минь ХААИС-ийн агрономичийн ангид суралцахаар харин би Барилга трестэд ажиллахаар хотод ирж байлаа. Тэр үед бид хоёр ха­шаагүй, ахынхаа хашаанд өвөлжлөө. Тэгэхэд энэ хавьд ямар ч айлгүй эзгүй тал байсан юм. Бид энд маш том газар авч хашаа татаад амьдрах болсон. Хоёр га талбайд газар тариалан эрхэлдэг байлаа. Дараа нь түүнийгээ айлуудад өгчихсөн юм. Хажуугаар нь би барилгын ажлаа хийнэ. Эхнэр хичээлдээ яваад гурван хүүхдээ харна. Амсхийх завгүй ажиллаж заримдаа гэртээ ч ирдэггүй байсан. Дөрвөн жил илжиг шиг зүтгэж, хүүхдүүд том болж, амьдрал арай гайгүй тогтож эхэлсэн. 1990 оноос зах зээлд шилжиж барилгын салбарын байр суурь тогт­воргүй болоход би барилгын сал­бараас бүрмөсөн хөндийрч газар та­риалангийн салбарт хөл тавьсан. Ма­най гэрийн хүн бид хоёр өнчин, ядарч зүдэрсэн, гэр оронгүй хүмүүсийг сайн дураараа хооллодог байсан. Нэг нэгнээсээ сонсоод зөндөө хүн ирж очоод явдаг боллоо. Сүүлдээ бид­нийг гадныхан сонирхож эхэлсэн. Тэд манайд ирж хүмүүст хоол, цай хийж өгч, туслалцдаг боллоо. Тэгж байс­­наа бидний ажлыг дэмжээд би­дэнд энэ байшинг барьж өгсөн юм шүү дээ. Яг тэр цаг үед эхнэр минь “ногоон хувьсгал” гэж нэрлэгдээд бай­сан газар тариалангийн талаархи төс­лийг хөөцөлдөж явсныг тухайн үеийн ерөнхий сайд Н.Энхбаяр дэмжсэн юм. Манай гэрт хүртэл ирж байлаа. Бидний газар тариалан эрхлэх болсон түүх ийм юм даа” хэмээгээд хэдэн гишүүний ишийг боож хураалаа. Тэгснээ “Үүний навч нь элгэнд их сайн юм байх. Усанд бу­цалгаад эсвэл навчаар нь чанамал хийж эмчил­гээний журмаар хэрэглэдэг гэнэ. Хүмүүс хаанаас, хэнээсээ дуулж мэд­дэг юм бүү мэд таних танихгүй улс ирж навчийг нь авах юм. Манайх ишийг нь авдаг болохоор навч нь бидэнд хэрэг­гүй. Тиймээс ирсэн хүмүүст хүс­сэн хэм­жээгээр нь өгдөг юм” гэхэд нь цонхоор өнгийн харвал байшингийн зүүн, баруун, хойт хэсгээр хөл гишгэх газаргүй гишүүний том навч хайш яайш унжсан үзэгдэнэ. Яагаад зардаггүй юм бэ? Танайх ер нь ургацаа худалдаалдаг  юмуу гэхэд “Төмс, лууван, хүнсний ногоогоо одоо худалдаалдаггүй юм. За­хаар дүүрэн байна шүү дээ. Ямар ч үнэ цэнэгүй.  Тэгснээс өвөл гаргаж зарвал ашигтай. Харин нарийн ногоо­нуудаа “Барс” зах дээр бөөнддөг юм. Тав таван кг-аар нь боогоод нэг кг-ыг 3000 төгрөгөөр зардаг. Бусад жимс, жимсгэнийг нь манай ач, зээ нар модноос нь зөөсөөр байгаад таардаг” гэв. Хүнсний ногоо, нарийн  ногоо, жимс­нүүдийг бол хурааж аваад идэхийг нь идээд зарахийг нь зардаг юм байж. Харин энэ цэцэгсийг хавар нь тарина, зун нь арчилна. Гэтэл на­мар хагдраад уначихаар нь харамсах сэтгэл төрдөг байхдаа гэж намайг хэ­лэхэд их л шоолсон байдалтай чанга инээснээ “Хагдраад унахаас нь өмнө хи­чээл сургууль эхэлдэг өдөр боогоод зарчихдаг юм” гэхэд санаанд нэг л баг­тамгүй санагдаж, худлаа байлгүй дээ гэж бодогдож байв. Цэцэгнүүд нь хүйтэнд бүгд харлаад, хатаад нэг л ёозгүй харагдаж байсан учраас надад тэгж санагдсан байх. Бодлыг минь таа­сан юм шиг Н.Цэдэнбал гуай “Ийм бай­гаагүй юм шүү. Эд сайхан цэцэглэж байхдаа хэн бүхний харааг булаадаг. Ах нь хэд хэдээр нь боогоод сургууль цэцэрлэгийн ойролцоо зарна. Их, бага боолтоосоо хамаараад 3000-5000-ын хооронд байдаг. Энэ жил 100 баглааг зарсан” гэж миний эргэлзээг тайлах мэт өгүүлэв. Үнэхээр л аливаа зүйлс цаг хуга­цааны эрхэнд байдгийн нэгэн том илрэл энэ гэлтэй. Гадаа тэнгэр бүрхэг, бас жиндүүхэн учир бид гадуур их явсангүй Германы сайн дурынхны барьж өгсөн тохитой модон байшинд нь элдвийг хүүрнэх зуур Монголын үндэс­ний олон нийтийн телевизээр чихрийн шижин өвчнийг эмчлэх гутал гарсан БНХАУ-ын иргэн Өлзий үүнийг анх санаачилсан гэсэн мэдээллийг Н.Бээжинхүү гэдэг хүн ярьж байхыг үзэв. Н.Цэдэнбал гуай “Энэ миний төрсөн ах газар тариалан эрхэлдэг. Гэхдээ над шиг ийм аахар шаахар зүйл хийдэггүй. Эрүүл мэндэд тустай ургам­лууд тарьдаг. Эрдэнэ шишийг бол төрөл бүрээр нь гаргадаг. Попкорн хийлээ гээд шажигнасан юм бариад ороод ирнэ. Ирэх бүрдээ шинэ юм нээс­нээ надад гайхуулдаг. Уг нь ах бид хоёр нэгдлийн үед талхчин байсан улс. Аав минь талхчин байсан болохоор бид хоёр өвлөж авсан хэрэг. Гэтэл цаг өөр болж, өсч томрох тусам үзэл бо­дол хүртэл өөр зүг рүү хөтөлдөг юм би­лээ. Одоо бол бид хоёр хоёулаа газар тариалан эрхэлж байна. Эхнэрийн маань дүү нар, манай хүү гээд л биднийг тойрсон тариаланч их. Яг одоогийн байд­лаар хашаанд маань 21 төрлийн мод байна. Гүзээлзгэнийг гэхэд би 10-аад жил, алимны модыг гэхэд долоон жи­лийн турш тарьж байна. Эхнэр “Фер­мер эмэгтэйчүүдийн холбоо” гээд ТББ-тай. Түүнийхээ шугамаар 300 гаруй суманд 10 мянга орчим хүмүүст тариалангийн талаар сургалт явуулсан. Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг хүн нэг мод” хөтөлбөр жил бүрийн арав­дугаар сарын эхний долоо хо­но­гуудад болдог. Түүний хүрээнд мод­ны үзэсгэлэн худалдаа явагддаг юм. Ирэх амралтын өдрүүдээс тэнд очиж моднуудаа зарах санаатай байна. Жил бүр оролцдог. Ямар жимсний мод гэдгээсээ шалтгаалаад янз бү­рийн үнэтэй худалдаалдаг. Эхнэр ха­жуу­гаар нь зөвлөгөө өгдөг. Ингээд л ма­найх гэдэг айл аж төрдөг юм даа. Барилга, хот байгуулалтын сайд  Г.Мөнхбаяр хотын дарга байх үед би “Нийслэлийн тэргүүний тариаланч” цол тэмдгээр манай хүн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байсан. Удах­гүй манай хүнийг гавьяат цолонд тодорхойлох сурагтай. Амьдралынхаа 40-өөд жилийг газар тариалангийн ажилд зориулсан зүтгэлийг нь үнэлж буй хэрэг биз. Би ч яахав сайн эхнэрийн буянд л амгалан сайхан амьдарч яваа хүн. Овоож оцойтлоо баяжаагүй, хэн нэгэнд муу юм хийгээгүй, чадах ядахаа­раа амьдарч л явна” хэмээн урьдын адил хэнэггүй байдлаар ярина. 


Н.Цэдэнбал гуай өөрөө ийн даруу­хан өгүүлэвч хийж бүтээсэн нь түүний өмнөөс “ярина”. Хотын хамгийн хүнд хэцүү гэгдэж, хүн бүрийн дайждаг гэр хороололд ийм тухтай орчин бүрдүүлж жилийн аль ч улиралд өөрийн гараар тарьж ургуулсан жимс ногоогоо дэлгэн суудаг энэ хоёр буурлаар бахархахгүй байхын аргагүй.  

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.