Ж.Бэхболд: Манай улс зоосны хийцээрээ дэлхийд дээгүүрт ордог

2016.09.21 Лхагва №087 (2118)

Тохирсон ёсоор бид тэдний гэрийн ойролцоо уулзлаа. Уулзмагц намайг олон асуултаар булж орхихыг нь хараад үнэхээр сониуч хүн юмаа гэсэн бодол өөрийн эрхгүй  төрсөн юи. “Өдөр чамайг ярьсан болохоор банк орж цуглуулгаа аваад ирлээ. Үнэтэй ховор зүйлс их байдаг учир гэрт хадгалж болдоггүй юм” хэмээн ярихыг нь сонссоор “Хобби” булангийнхаа зочны гэрт өөрөө “зочин” болж очив. Түүний гайхам олон цуглуулгыг хараад сониуч занг нь зөвтгөлөө. Зөвхөн зоос цуглуулагч гэсэн бодлоор очсон намайг цаасан мөнгө, одон тэмдэг, медальон, мөн хуучны ном зэрэг олон төрлийн цуглуулгаараа гайхашруулж орхилоо. Зөвхөн цуглуулаад ч зогсохгүй судалдаг байна. Цуглуулга бүрийнхээ үүх түүхийг нэг бүрчлэн мэдэж, ярихыг нь хараад “Хүн зөв зүйлд дурлаж, сонирхохоор тэр зүйл нь тухайн хүнээ уг салбартаа шилдэг нь болгодог юм байна” гэсэн бодол төрсөн. Тэр гайхалтай олон цуглуулгын эзэн, сониучхан нэгэн бол зоос цуглуулагч Ж.Бэхболд байлаа. 

-Хэзээнээс эхэлж зоос цуглуулах болов?
-Цуглуулж эхлээд арав гаруй жил болж байна. Намайг хүүхэд байхад гадаадад сурдаг ах эгч нар зоосон мөнгөтэй ирээд бидэнтэй тоглодог байлаа. Түүнээс үүдээд цуглуулах сонирхол төрсөн. 
-Цуглуулгын чинь анхных ямар зоос байв?
-Гүйлгээний зооснууд анх цуг­луулж эхэлсэн. Бүгд байдаг. Үүний дараа гадаад зооснууд миний со­нирхлыг татдаг болсон. Одоо бол монгол дурсгалын зоос цуглуулгын минь ихэнхийг эзэлж байна.
-Гадаад зоос, монгол зоос юугаа­раа ялгаатай байдаг вэ?
-Ялгаа их байдаг. Улс улсын зооснууд өөрсдийн үндэстний онцлог, үүх түүхийг харуулдаг. Алдартай хүмүүс, төрийн тэргүүн, онцлох үйл явдал гээд олон зүйлийг зоосондоо тусгадаг. Манай улс сүүлийн үед хаадынхаа хөргийг зоосондоо илүү их дүрсэлж байна. Мөн онцлох үйл явдлууд, ямар нэгэн байгууллагын ойд зориулж зоос үйлдвэрлэж байна. Манай улсын зоос хийцээрээ  дэлхийд дээгүүрт ордог гэж би боддог.
-Хамгийн ховор нь ямар зоос байна?
-Хаадын хөрөгтэй зооснууд ховор зоосны тоонд ордог. Жишээ нь Абагай, Арагун гээд  Ил хаант улсын үеийн хаадын хөрөгтэй зооснууд байна.  Мөн дурсгалын зооснууд дундаас ховорт тооцогддог зоос олон бий. “Gulo Gulo” гэж нэрлэдэг нохойтой зоос 2007 онд үйлдвэрлэгдээд тэр жилдээ дэлхийн шилдэг зоосоор шалгарсан байдаг. Энэ зоос нь Монголд гэлтгүй гаднын цуглуулагчдын дунд эрэлт ихтэй байна. Тийм ч учраас хуурамчаар маш их үйлдвэрлэж байгаа. 
-Шилдэг зоос болсон гэж хэллээ. Үүнийг хаанаас тодруулдаг юм бэ?
-Жил бүр улс болгон  өөрсдийн шилдэг гэсэн зоосоо нэр дэвшүүлдэг. Түүнээс л шалгаруулдаг даа. Өнгөрсөн жил 1990 оны Берлиний ханыг нураасан үйл явдлыг тусгасан зоос шилдэг зоосоор шалгарсан. Түүнд манай улс Чингис хааныхаа хөрөгтэй зоосыг нэр дэвшүүлэхэд шалгарч чадаагүй.
-Эрэлт ихтэй гэхээр үнэтэй байдаг байх даа.
-Зоосыг анх үйлдвэрлэгдсэн даруйд нь авбал сайн. Тэгэхгүй бол эрэлт нь ихсээд үнэ нь нэмэгддэг. “Gulo Gulo” зоос гэхэд би анх 250 мянган төгрөгөөр худалдаж авч байсан.  Дэлхийн шилдэг зоос болоод үнэ нь дөрөв тав дахин нэмэгдсэн байна. 
-Авахыг хамгийн их хүсч байж авсан зоос чинь ямар зоос байна вэ?
-Үндэсний банкны 70 жилийн ойд зориулагдсан зоос, мөн “Никель 50” гэж зоос цуглуулагчдын дунд яригддаг шар нэг мөнгөний зоосуудыг авах юмсан гэж бодож байж авсан даа. Энэ нь никель, мөнгө, алтаар хийгдсэн байдаг. 
-Зоосыг ямар ямар түүхий эдээр хийдэг юм бэ?
-Хуучин цагт никель зоос их байдаг байсан. Түүний дараа дурсгалын зоосыг ихэвчлэн мөнгөөр хийдэг болсон. Сүүлийн үед харлуулсан мөнгө, түүнээс гадна лазераар зүсэж хийсэн тусгай технологитой зооснууд хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн энэ технологиор саранд ульж буй чоно, морь, шонхор, шар шувууг дүрсэлсэн зооснууд гарсан. Саранд ульж буй чонотой зоос энэ жил Москва хотод болсон олон улсын зоосны үзэсгэлэнгээс шагнал авсан. Энэ нь шинэ технологийн чанарыг харуулсан явдал боллоо гэж үзэж байгаа. 
-Зоосонд ийм, ийм зүйлийг тусгаж хийнэ гэсэн санааг хэн мэдэж гаргадаг юм бэ?
-Монголбанкнаас тухайн жи­лийн тэмдэглэлт ой, баяр наадам, тулгам­даж буй асуудал гээд л олон зүйлийг тусгаж санаагаа гаргадаг. Нэг үйлдвэрлэгдэхдээ 2500 ширхэгийг гаргана гэсэн стандарт байдаг. Ойрын үед Монголын зоос судлалын холбоо, Монголбанктай хамтарч ажил­лаж байна. Үүнд цуглуулагч бид сайшаалтай хандаж байгаа.
-Цуглуулгаа зарах тухай бодож байсан уу. Үнэлбэл хэдий хэмжээний мөнгө болох бол?
-Одоохондоо зарах тухай бод­дог­гүй. Улам арвижуулах  юмсан гэж боддог. Миний цуглуулга дурсгалын 200 орчим зоостой, эхний ээлжинд 500 болгочих юмсан гэж зорьж байгаа. Түүний дараагаар хаадын зоосыг цуглуулж эхэлнэ. Үнэлэх тухайд бол 60 гаруй сая төгрөг болох байх.
-Зооснуудаа хаанаас яаж олж авдаг юм бэ?
-Гадагшаа захиж авахуулах, дуудлага худалдаагаар авах эсвэл цуглуулагчид хоорондоо солилцох журмаар цуглуулгаа баяжуулдаг. Цуглуулагчид нэгнээсээ авах нь хамгийн найдвартай байдаг. Тэгэхгүй бол гаднаас хуурамч зоос ирэх тохиолдол их байдаг. 
-Бэлгэнд хэр их зоос авч байв?
-Найз нөхөд, ажлын хамт олноосоо зөндөө авч байсан. “Чи цуглуулдаг юм чинь чамд өгье” гээд бариад ирдэг. Элбэг, ховор гэлтгүй надад өгч байгаа сэтгэл нь сайхан байдаг. Хүмүүсийг тэгж хэлэхээр маш их баярладаг. 
-Зоосыг зүгээр нэг алт, мөнгө, дурсгалын зүйл мэтээр ойлгож болохгүй түүнд асар их түүх, бэлгэдэл, утга учир агуулагдаж байдаг мэт санагдлаа. Хамгийн сонирхолтой түүхийг харуулсан зоосны тухай яриач?
-Мазаалай, алаг даахай, хилэнц, хүдэр гээд ховордсон амьтдаар хийсэн цуврал зооснууд байгаа. Энэ нь ан амьтан, байгаль эх дэлхийгээ, хайрлахыг хүмүүст уриалж байна шүү дээ. Мөн хаадын зооснууд манай улсын хэдэн үеийн түүхийн илэрхийлэл болж байна. Зоос бүр л ямар нэгэн хэрэг явдлын толь байдаг. Алмаст хүртэл зориулж гаргасан зоос байна. 
-Зоос жингийн хувьд хэр хэмжээтэй байдаг вэ?
-Манай улсын хамгийн хүнд зоос гурван кг жинтэй байдаг. Түүнээс доош 155 гр, хоёр кг гээд янз янз байна. Яг тийм ийм байх ёстой гэсэн хэмжээ байхгүй. 
-Монголын зоос судлалын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Зоос цуглуулаад эхлэхээр түүнийхээ үнэ цэнэ, үүх түүхийг зайлшгүй мэдэж, судлах шаардлага гардаг. Тиймээс цуглуулагчид маань нэгдээд 25 жилийн өмнө Монголын зоос судлалын холбоо байгуулсан. Бүтэн сайн өдөр бүр манай холбооныхон уулзалт зохион байгуулдаг. Сонирхол нэгтэй хүмүүстэйгээ уулзах сайхан байдаг. Бидний ярианы сэдэв бол ердөөсөө л зоос шүү дээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.