С.Сүхбаатар: Хилийн баганандаа ёслох тэр мөч эх орноо хайрлах мэдрэмжийн оргил нь байдаг

2016.09.16 Баасан №085 (2116)

Маргааш тохиох Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 83 жилийн ой, Монголын хилчдийн баярын өдрийг тохиолдуулан бэлтгэл дэд хурандаа, заан тугтан овогт С.Сүхбаатартай ярилцсанаа толилуулж байна. 

-Юуны өмнө танд  Монголын хилчдийн баярын өдрийн мэнд  хүргэе. Хилчний амьдралын гараагаа хэрхэн эхэлж байв. Сэтгэлд хоногшсон тэр дурсгалт үеэс тань ярилцлагаа эхэлье?
-Хил хамгаалах байгууллагатай ажил, амьдралаа холбогдсон түүх минь 30 гаруй жилийн өмнө юм даа. 1984 онд аравдугаар анги төгсөөд НАХЯ-ны шугамаар тэр үеийн ЗХУ одоогийн ОХУ-ын Москва хотод Хилийн цэргийн улс төрийн дээд сургуульд суралцах хуваарь аваад хотод ирж нэг жил бэлтгэл курст сураад эрүүл мэндийн шалтгаанаар дотооддоо НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн улс төрийн ангийг төгссөн.  Сургуулиа төгсөөд л өөрийн нутаг Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Яргайтын заставын улс төрийн орлогчоор томилогдон очиж ажлын гараагаа эхэлсэн дээ. Яргайтын застав бол Тахийн шар нуруу гэж Говь-Алтай, Ховдын нутгийн заагт улсын хил дагуу орших тэр сайхан нутгийн хэсгийг хамгаалдаг застав. Алтайн отрядад Яргайтын заставын орлогч, Баян тооройн заставын дарга, отрядын даргын туслах, захиргаа хүний нөөцийн тасгийн дарга зэрэг албан тушаалд 10 гаруй жил ажилласан. Ингээд Улаанбаатарт шилжин томилогдож ирээд хилийн цэргийн ар тал хангалт, тээврийн 0164, 0253 дугаар ангиуд болон Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан. 
-Яргайтын заставт шижигнэсэн залуу офицер очиж байжээ. Тахийн шар нуруунд үдсэн он жилүүдээ дурсаач?
-Хилийн отрядад очсон анхны дурсамж их тод үлддэг юм билээ. Алтайн хилийн отрядад анх очиход отрядын даргаар дэд хурандаа Я.Пүрэвдорж /хожим хошууч генерал болсон/, отрядын улс төрийн хэлтсийн даргаар хошууч Ц.Сангарагчаа агсан /хожим хурандаа болсон/ нар тэр үед залуухан мундаг офицерууд ажиллаж байсан даа. Тэр жил гадаад, дотоодын их, дээд сургууль дөнгөж төгссөн арваад шижигнэсэн залуу офицер Алтайн отрядад шинэ боловсон хүчин гэж нөхөн хангалтаар очсон юм. Отрядынхон маань биднийг сайхан хүлээж авч, танилцах сургууль, дадлага хийлгээд заставуудад хуваарилж байлаа. Чиглэл чиглэлээр биднийг хариуцсан отрядын орлогч нар хүлээж авч уулзан, санаа сэтгэгдлийг маань сонсч зөвлөгөө сургамжаа өгөөд, анхааруулах зүйлээ анхааруулаад ажилд нь томилж байлаа. Одоо ҮАБЗ-д ажиллаж байгаа Д.Нэргүй гэж хурандаа, бид хоёрыг Ц.Сангарагчаа хошууч хүлээж аваад намайг отрядын ХЗЭ-ийн хорооны даргын нөөц, Д.Нэргүйг отрядын ухуулах ажлын зааварлагчийн нөөц шүү, заставт очоод сайн ажиллаад дараа нь энэ ажилд шилжиж ажиллана шүү гэсэн сургамж зөвлөгөөг өгч хилийн заставаас бүх ажлын гараа чинь эхэлнэ, дараа дараагийн шат шатны ажил их байгаа шүү гээд амжилт хүсэж байсан нь тухайн хүнд сэтгэл зүй, мэргэжлийн хувьд өсч хөгжинө гэсэн итгэл, урам зориг өгч байсан удирдагч хүний алсын хараа байж дээ.
Ингээд заставтаа очиход үнэхээр сайхан хүлээж авсан. Тахийн шар  нуруу бол Монгол Алтайн салбар уулс. Үнэхээр гайхамшигтай, үзэсгэлэнтэй, онгон дагшин нутаг. Манай Яргайтын заставын даргаар одоогийн хилийн 0119 дүгээр ангийн захирагч хурандаа Х.Лхагвасүрэн ажиллаж байлаа. Тэр үед залуухан ахлах дэслэгч байсан. Яргайтын заставт Х.Лхагвасүрэн даргатайгаа хамтарч санаа сэтгэл, гар нийлж сайхан ажилласан. Залуу ч байж, эрч хүчтэй, урам зоригтой ч байсан. Сайн ажилласан даа. Тэр жилээ манай застав хилийн цэргийн тэргүүний застав болсон. Х.Лхагвасүрэн дарга маань хилийн цэргийн тэргүүний заставын дарга, би отряддаа тэргүүний улс төрийн орлогч болж байлаа.   
-Шувуу нисэхээс өөр бараагүй аглаг бөглүү хязгаарт амьдарч бай­гаа заставын хамт олон гэдэг нэг гэр бүл болчихдог гэдэг дээ? 
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Хилийн застав гэдэг бол яг нэг айл шиг халуун ам бүл. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, жаргал зовлон бүхнээ хуваалцдаг тийм сайхан хамт олон. Тэнд үнэхээр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар очсон хүмүүс ажилладаг. Ахуй талаасаа нөхцөл хүнд, зарим гаднаас ирсэн хүн бол заставт нэг ч хонож чадахгүй юм байна л гэдэг юм. Хилчдийн амьдрах чадвар, орчиндоо дасан зохицох ча­нар, тэсвэр хатуужил үнэхээр өндөр байдаг. Тиймээс одоо энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа залуусын дундаас тэсвэр тэвчээр, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл зэргээрээ манай хилчид илүү байгааг бусад цэргийн мэргэжлийн хүмүүс анзаарсан бай­даг. Энэ нь хил хамгаалах албаны онцлогтой  холбоотой. Хилд олон жил үе уламжлан ажиллаж ирсэн хилчдийг үнэхээр эх оронч, баатарлаг хүмүүс гэж би боддог. Тэд бол эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ тухай тухайн үедээ нэр төртэй биелүүлсэн хүмүүс. Төрөөс энэ хүмүүсийг анхааралдаа авч, хайрлаж халамжлах ёстой. Тиймээс Хилийн цэргийн сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, хилчид, офицер, ахлагч нарын төлөөлөл нийлж “Сүлдэт багана” хилчдийн холбоог байгуулсан юм билээ.
-Танай холбооны гол зорилго, үйл ажиллагаа юу вэ?
-Холбоо маань өнгөрсөн хавар бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлээд байгаа. Манай холбооны нэг үүрэг бол хилчдийнхээ нийгмийн асуудал, эрх зүйн байдлыг сайжруулах, хилчдээ  хамгаалахад өөрсдийн дуу хоолойг нэгтгэн хүрэх ёстой хүмүүст нь хүргэх явдал мөн. Юуны өмнө хилчдэд эрх зүйн хамгаалалт сайн, найдвартай байх ёстой. Эрх зүйн хамгаалалт сайн байж тэдний ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Ирээдүйд итгэх итгэл нь бэхжинэ. Залуучууд ч хилд ажиллах хүсэл сонирхол нэмэгдэнэ. Хил хамгаалах албаны залгамж халаа үл тасран уламжлагдаж явах ёстой. Монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл хил манах хүү төрлөө гэдэг. Энэ бол эх орноо үеийн үед хамгаалах эр хүн төрлөө гэж баярладаг монголчуудын  бусдаас ялгагдах их онцлог шүү. 
-Хил хамгаалах байгууллагын хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?
-Сүүлийн 20-иод жилд хууль эрх зүйн орчин сайжирсан. Тиймээс хил дээр алба хаах хүмүүсийн  идэвх, сонирхол нэмэгдсэн. Бидний ажиллаж байсан үеийнхээс эрс дээшилсэн. 
-Та ид шилжилтийн үед хил дээр алба хаасан юм байна. Зах зээлийн шуурга хилчдэд хэр хүнд туссан бэ?
-Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн шилжилтийн үед хилчид маш хүнд үеийг туулсан. 1990-ээд оны дунд үед улсаас цалингаа тавьж чадахгүй хоёр гурван сараар хүлээлгэдэг байлаа. Хил хамгаалалт зохион байгуулахад бензин, шатахуунаас эхлээд унаа машины хүрэлцээ, сэлбэг хэрэгсэл олдоц муутай болсон. Тиймээс хилийн манаандаа явган явах үе олон байлаа. Тэр алс бөглүү хязгаар, өргөн уудам эзэнгүй говь цөл, уул нуруун дунд явган явж хил хамгаална гэдэг бол тухайн үеийн хилчдээс их зориг тэвчээр, тэсвэр хатуужил шаардсан ажил байв. Ахуй хангамж, орчин нөхцөл ч хүндэрсэн. Тэр байтугай хоол хүнсний хүрэлцээ хангамж хүртэл муудсан. Улс орон бужигнаад, зах зээлд шилжээд, хүмүүс хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөж, шунаж тэмүүлж байсан тэр үед сонгосон зам дээрээ баттай зогсож үлдэх нь хэн бэ, зах зээлийн давалгааг дагаад явах нь хэд вэ гэдэг дээр хилчдийн дунд ёстой л шалгарал явагдсан. Тэр шалгарал дунд хил хамгаалах албандаа тууштай байж, хилчний амьдралдаа, сонгосон ажил мэргэжилдээ үнэнч байж тэр хүнд үеийг давсан хилчдээрээ бахархдаг.  Олон сайхан офицерууд, мэдлэгтэй, чадвартай, авьяастай залуус тэр үед хилийн цэргийг орхиж, амьдралын эрхээр өөр зам мөр хөөж байсан. Үүнд нь заримдаа харамсдаг. 
-Хилчин байхын бахархал юу вэ. Торгон хилийн шугам дээр зогсох үеийн мэдрэмж үнэхээр сайхан биз?
-Хил дээр алба хааж байгаа залуучуудын хувьд, хилчин офицер, ахлагч нарын хувьд ч тэр бахархал төрдөг олон зүйл бий. Хил хамгаална гэдэг эр хүний хувьд бахархалтай сайхан үйлс, сайхан алба. Монгол Улсынхаа тусгаар тогтнолын баталгаа болсон хэн ч халдашгүй дархан хил хязгаарыг сахин хамгаална гэдэг хэн болгонд олдоод байдаггүй хувь тавилан. Үүнийг хүний зүрх, сэтгэлд хүртэл нь мэдрүүлдэг цэг бол улсын хилийн багана, хилийн шугам байдаг. Энэ бол ямар ч хүний эх оронч, хилч үзлийг төрүүлдэг тэр дээд мэдрэмжийн цэг гэж боддог. Торгон хилийн шугам дээр очиход үнэхээр өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг. Хилийн хариуцсан хэсгээ шалгаад явж байхад тэр хэсэгт амар тайван, аюулгүй, ямар нэг зөрчилгүй байхад хилчин хүний сэтгэл амардаг. Тэгээд хилийн баганан дээрээ очоод хилчин бүр ёсолдог. “Хилийн тэддүгээр баганын амрыг эрье” гэж ёслох тэр мөчид л эх орноо хайрлах, бахархах тэр мэдрэмж дээд цэгтээ тулдаг. Эр хүн болсны, эр цэрэг болсны, хилчин болсны бахархал тэр үед л төрж, хил хамгаалах албаараа бахархдаг. Хилийн багананы цаана байгаа чулуу, наад талд нь өөрийн нутгийн дотор байгаа чулуу хүртэл бидний нүдэнд хоёр өөр харагдах шиг санагддаг шүү. Эндээс л эх орон эхэлдэг юм шүү дээ гэж бодохоор үнэхээр сайхан. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч гуай хил дээр алба хаан ажиллаж байсан хилчин офицер хүний хувьд 
“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэхэн чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий” гэж үнэхээр мундаг бичсэн. Ийм бодол үнэхээр орой руу ордог. Хилийн багана дээр очсон ямар ч хүнд тэр мэдрэмж төрдөг. Хилчин хүн энэ чулуунаас цааш, тэр мод, уул, даваанаас цааш хүний нутаг, түүнээс наашаа миний нутаг, миний эх орон, тусгаар тогтнолын баталгаа эндээс эхэлдэг гэж бодож түүгээрээ омогшдог. Хилийн шугамын дагуу байгаль нь үнэхээр онцлог, гайхамшигтай, төгс үзэсгэлэнтэй байдаг. Хүний хөл хүрээгүй, шувуу, зэрлэг амьтнаас бусад нь хүрдэггүй онгон дагшин байгаль тэнд л бий. Тэр онгон дагшин байгалийг хараад хилчид яах аргагүй газар шороондоо хайртай болдог. Ийм сайхан нутаг орныг би хамгаалж байгаа юм шүү дээ гэсэн бодол хилчин хүнд төрдөг. Энэ нь хилчдийг урам зоригтой, албандаа хайртай болгодог. 
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу гэсэн Т.Галсан гуайн шүлэг бий. Энэ бол эх орон, тусгаар тогтнол хаанаас, юунаас эхэлдэг вэ гэдгийг мэдрээгүй хүн жинхэнэ эр хүн болж, төлөвшиж чадахгүй гэдгийг л хэлсэн хэрэг.  
-Хилийн застав, отрядад ажил­лана гэдэг тухайн хүнээс асар их тэвчээр, тодорхой эрсдэл гаргах зориг шаарддаг гэж боддог?
-Хилийн цэргийн амьдрал, хилч­ний амьдрал гэдэг маш хүнд. Хүнээс тэсвэр тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэл, амьдралын ноён нуруу, ухаан шаардсан хүнд хүчир ажил. Монгол Улс маань эдийн засгийн хөгжил сайн биш байна. Тиймээс хөгжил төвөөсөө холдох тусам зах хязгаар руугаа улам саардаг. Эх орныхоо торгон хилд, хамгийн зах хязгаарт алба хаана гэдэг хүн ажиллаж, амьдрах нөхцөл талаасаа бол маш хүнд. Дөнгөж сургууль төгссөн залуу офицер, ахлагч нар гэр бүлтэйгээ хилд очоод амьдрахад олон бэрхшээлтэй тулгардаг. Холбоо харилцаа, дэд бүтцээс эхлээд залуу хүний сурч боловсрох, үзэж харах нөхцөл боломж, орчин тэнд байхгүй. Гэр бүлийнх нь хүн л гэхэд мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Тэгэхээр хатуухан хэлэхэд өөрийн сурч боловсрох, хөгжих дэвших боломжуудыг түр хойш нь тавьж, орхиод хил хамгаалах албаны төлөө бие сэтгэлээ зориулсан залуус л хилд очдог. Үнэхээр ийм сэтгэл зүрхтэй залуус манай өнөөгийн нийгэмд хэр зэрэг олон байгаа билээ. Нуулгүй хэлэхэд бидний үед ч манай сургуульд сурч байсан залуус хилийн албаны ангийг биш хуулийн ангийг сонгох нь элбэг байсан юм. Хилийн застав, харуул дээр 35-аас доош насны залуус л ихэвчлэн ажилладаг. Учир нь хил хамгаалалт гэдэг бол залуу хүний зориг, тэсвэр тэвчээр, эрч хүч, авьяас хөдөлмөр, ухаан, эрүүл чийрэг бие бялдар, мэдлэг чадвар шаардсан ажил.
-Хилд очиж хугацаат цэргийн алба хаах сонирхолтой залуус хэр олон байдаг вэ?
-Залуусын хувьд хилийн цэрэгт алба хаах хүсэл сонирхол их байдаг. Хил дээр нэг жил алба хаагаад халагдаж байгаа залуусаас юу сурч, мэдэв гэж асуухад “Би ийм сайхан эх оронтойгоо мэдлээ. Эх орны хил гэж ийм нандин зүйл байдгийг мэдэрлээ. Хилд алба хааснаараа бахархаж байна” гэдэг. Цэргийн албанд анх татагдан ирсэн залуус бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, ажил хөдөлмөр хийж сураагүй, хүнтэй харьцах талаар дутагдалтай, тэр бүү хэл бичиг үсгийн боловсролгүй хүн ч ирдэг. Жилийн дараа шал өөр хүн болоод, төлөвшөөд буцдаг. Тиймээс би “Цэргийн алба хүнд ромбо зүүж өгдөггүй ч тэсвэр хатуужлын диплом олгодог” гэсэн нэгэн цэргийн жанжны үгийг хэлэх дуртай. Хилд алба хаасан цэрэг ч бай, тэнд ажиллаж амьдарсан офицер, ахлагч нар ч бай ингэж л хэлдэг. Хилд алба хаахад маш олон хүндрэл бэрхшээл тохиолдоно. Ядарч зүдэрнэ, өлсөж цангана, даарч хөрнө. Би 30 гаруй жил хилийн цэрэгт ажиллахдаа зөндөө л жаргал, зовлон дундуур явлаа. Гэхдээ хүнд хэцүү бүхнийг мартуулдаг ганц зүйл бол эх оронч, хилч үзэл, хилчин хүний бахархал байдаг. Хилийн сургууль төгсөөд ямар нэг шалтгаанаар ажил амьдралын өөр зам мөр хөөсөн залуучууд, хилд ганц хоёрхон жил ажиллсан хүмүүс ч тэр, 30 жил ажилласан хүн ч тэр бүгд ийм л бахархалтай, эх оронч үзэлтэй байдаг. Манай “Сүлдэт багана” ТББ-д үе үеийн хилчид, хилийн сургуулийн төгсөгчид нэгдэж байгаа. Энэ бол сая миний ярьсан тэр л бахархал, мэдрэмж биднийг нэгтгэж байгаа юм. “Сүлдэт багана” ТББ-ын маань үндсэн зорилго нь нийт иргэдэд эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо дархан хилийг хамгаалах хүндтэй албанд залуу нас, авьяас чадвар, амь биеэ зориулсан хилчин офицер, ахлагч, ажилтны үйл хэргийг алдаршуулах, ахмад болон залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлж, өвлүүлэх, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч нарын болон хил хамгаалах байгууллагын төлөө гэсэн чин сэтгэлтэй иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, улмаар хил хамгаалах шат шатны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой. 
-Сүлдэт баганандаа ёсолж, сүсэг­лэдэг хилчдийнхээ эрх ашгийг хамгаалах холбоо цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Хил хамгаалах албанд зүтгэж, эх орныхоо хил дээр үүрэг гүйцэтгэж ирсэн үе үеийн хилчид, одоо энэ албанд зүтгэж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, эрх зүйн байдлыг орхигдуулж, сааруулж, бүрхэгдүүлж болохгүй. Үүнд төр засгийн анхаарлыг хандуулах, тодорхой бодлого, шийдвэр гаргуулах, хилчдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх чиглэлээр төр хилчдийн хооронд орхигдож байгаа орон зайг нөхөх гүүр болж ажиллахаар зорьж байна. Хилчдийн эрх ашиг хохирч байгаа бол цаашид энэ алдааг засч залруулахад бид өөрсдийн хувь нэмрээ оруулна. Ийм л сэтгэлээр эвлэлдэн нэгдсэн. Мөн манай холбооны нэг онцлог бол хилийн сургууль төгсөгчдийн холбооны үүргийг давхар гүйцэтгэнэ. Энэ  талаар дүрмэндээ тусгасан. Мөдхөн бид сургууль төгсөгчдийнхөө уулзалт, зөвлөгөөнийг хийхээр бэлтгэж байгаа.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Хилчид бол төр, эх орондоо зориу­лагдсан хүмүүс. Хилчин хүн өргөсөн  тангаргаа биелүүлэхийн төлөө хувийн амьдралаа ч хойш тавих нь олонтаа. Энэ хүнд хүчир боловч бахархалтай, үнэ цэнтэй сайхан албыг нэр төртэй хашиж ирсэн үе үеийн ахмад хилчид, одоо хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа нийт хилчдэдээ “Сүлдэт багана” ТББ-ын  Удирдах зөвлөл, гишүүд, дэм­жигч­дийнхээ өм­­нөөс баярын мэндийг хүргэе. Эх ор­ныхоо дархан хилийг хамгаалах ариун мөр, гэгээн заяатай энэ албанд зүтгэж байгаа хилчдийг минь төрийн сүлд ивээж, хийморь, жавхаа нь ба­дарч, ажил, амьдрал нь үргэлж дэгжин дээшилж байх болтугай гэж ерөөе дөө.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.