Нутаг амьтай бүсгүй БАТБОЛДЫН МӨНХЦЭЦЭГ

2016.05.23 Даваа №059 (2090)

Г.БАЯР

 

Тодотгол

Хүн амьдралынхаа туршид аав ээжээс хайрласан алдар нэрийнхээ өмнө хэчнээн ч олон тодотгол, чимэг зүүдэг юм бүү мэд. Ажил мэргэжлээрээ, алдар гавьяагаараа, хийж бүтээснээрээ, ааш зангаараа, намтар түүхээрээ, нутаг усаараа гээд л олон янзын учир шалтгаан, утга агуулгатай тодотголыг эцгийнхээ нэртэй адил эгнэгт хамт дуудуулах нь бий. Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурьсах алдрыг өөрөө олдог гэдэг ийм учиртай билээ. Мөн нэр хугарахаар яс хугар ч гэдэг дээ. Дуудах нэрээ бүрэн бүтэн авч явж гэмээнэ дуурьсах алдар өөрөө ирдэг жамтай. Ингээд бодохоор нэр гэдэг хүний насан туршийн их ачаа, бүр хамгийн хүнд ачаа юм. Тэр ачааг хэр сайн дааж чадаж байгаагаар нь хүнийг хэн болохыг нь таньж болно. Амьдралын хатуу хөтүүг хүүхэд багахан насандаа турьхан мөрөндөө үүрсэн шигээ эдүгээ алдар нэрээ өндөрт өргөж яваа нэгэн эрхэм бол Батболдын Мөнхцэцэг. Залуучуудын Холбооны Мөнхцэцэг, Халамжийн Мөнхцэцэг, Ротаригийн Мөнхцэцэг, “Эрдэнэс МГЛ”-ийн Мөнхцэцэг, Тө­рийн сангийн Мөнхцэцэг гэхээр Дорно­дынхон түүнийг андахгүй. Харин Дорнодын Мөнхцэцэг гэвэл хаана ч түүнийг танина. Ингэж ажил мэргэжлээрээ, нутаг усаараа дуу­дуулах шиг сайхан юм хаана байх билээ. Аливаад эзэн болж чадсан хүн л ийн­хүү хийсэн бүтээснээрээ овоглодог. Б.Мөнхцэцэг хаана очиж ажиллана, тэнд ажил нь сайжирч, хүмүүс нэгдэж, нягтарч, бүтээлч уур амьсгал бий болж байдаг. Тэрээр хүмүүсийг удирдан чиг­лүүлэх, нэгтгэн зангидах талаар төрөлхийн авьяастай. Аливаа ажлыг хийсэн шиг хийх ёстой гэдэг хатуу зарчимтай. Түүний амжилтын нууц гэвэл энэ. Тиймээс нэг  талаас нь хар­вал тухайн ажил нь Мөнхцэцэгийн тодотгол болдог ч нөгөө талаас харах юм бол Мөнхцэцэг өөрөө тэрхүү аж­лаа тодотгогч болгочихдог талтай. Мөнхцэцэг хэлсэн бол асуудалгүй ээ, Мөнхцэцэг даргын хийсэн ажил юм чинь сайн л байж таараа. Хамтран ажиллагсад нь түүнд ингэж итгэдэг. Тэрээр өөрийгөө, хамт олноо, ажлаа ер нь бүхнийг ингэж тодотгож чаддаг.

 

Эршүүд

Хар багаасаа эгэл боргил амьдрал туулсан нь түүнийг эршүүд занд сур­гажээ. Бусдыг сайн муу, сайхан муухай, дээр доор гэж алагчлахгүй. Түс тасхан яриатай, гүдэсхэн зантай. Энгийн байх дуртай. Санасан бодсоноо шулуухан л хэлчихнэ. Тиймээс түүнтэй харьцахад тун амар. Тал нутгийн эгэл жирийн адуучны ууган охин долоон өнчин дүүгээ хөтлөн, аавтайгаа хамт амьд­ралын хатуу хөтүү, жавар салхийг сөржээ. Зулай зулайгаа гишгэж төрсөн долоон дүүгээ ээж шиг нь асарч, хүмүүжүүлнэ гэ­дэг арваадхан настай жаахан охинд ахадсан ачаа байв. Гэвч Б.Мөнхцэцэг охин үүнд нугараагүй, шантраагүй. Тэрээр дүү нараа дэг журамтай, хатуужил тэвчээртэй болгож өсгөжээ. Дүү нар нь өглөөдөө томоосоо жи­жиг рүүгээ жирийтэл жагсаад л цэцэр­лэг, сургуульдаа явна. Тараад нэг нэгнийгээ хүлээж байгаад мөн л жагсаалаараа гэртээ ирцгээнэ. Ирээд том эгчийн команд дор гэрийн ажлаа нарийн хуваарийн дагуу хувааж хийгээд дараа нь гэрийн даалгавраа хийнэ. Орой унтахдаа зуухны хажууд шалны өрөн дээр гутлуудаа мөн л том жижгээр нь эмх цэгцтэй өрж тавина. Энэ мэтээр маш хатуу дэг журамтай, эмх цэгцтэй байдалд дүү нараа сур­гасан гэдэг. Б.Мөнхцэцэг ингэж л дүү нараа эршүүд бөгөөд хатуу гараар өсгөж хоолонд нь хүргэжээ. Дүү нартаа ээж нь болсон эгч ангидаа мөн л дарга. Дарга даргадаа тун нийгмийн идэвхтэй, зарчимч шаардлагатай ан­гийн дарга байв. Ангиараа нийлж хичээлийн гадуурхи арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Нэг нэгнийдээ очиж гэрийнх нь ажилд тусална. Ном их уншицгаана. Ангийн даргын үг тэдэнд хууль. Ийм эгэл боргил амьдрал дундаас Б.Мөнхцэцэг эршүүд, шударга нэгэн болж өсч хүмүүжжээ. Түүний энэ хүмүүжилд аавынх нь нөлөө их. Сангийн аж ахуйн адуучин аав нь түүнийг сургуульд ороогүй байхад нь морь унуулж сургасан гэдэг. Үг дуу цөөтэй, ажилсаг хөдөлмөрч аав нь түүнд үйлдлээрээ үлгэрлэж ихийг ойл­гуулж ухааруулсан ажээ.

 

Мятаршгүй

Тэр хэзээ ч шантарч байсангүй. Барагтай юманд сэтгэлээр унаад бай­даггүй өөдрөг хүн. Жаргал зовлон үзэж өссөн хүүхэд нас, ерөнхий боловс­ролын сургууль, үйлдвэрчний эвлэл, намын байгууллагад ажилласан залуу насны он жилүүд нь түүнд тууштай зан чанарыг суулгажээ. Б.Мөнхцэцэг Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анх­наас нь гар бие оролцож зүтгэсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Хорь гаруй жил улс төрд зүтгэж, эрчүүдтэй эн зэрэгцэн, зарим та­лаар тэднээс илүү гарч, ана мана үзэл­цэж явсан намтар түүнд бий. Улстөрчдийн замнал урт богино янз бүр байдаг. Замаасаа бу­цах, зангаа хувиргахаас эхлээд юм юм л болдог. Б.Мөнхцэцэгийн хувьд тэг­сэнгүй. Өнөө л эршүүд, шударга зан, мятарш­гүй, тууштай чанараасаа тэр урваж ха­зайсангүй. Нам, улс төр, олон ний­тийн ажлыг гялалзуулж, төрийн өндөр хариуцлагатай албыг ч хашиж, туршлага сууж, намтраа зузаалсаар л байв. Тэглээ гээд үерхэж нөхөрлөж, хамт­ран зүтгэж явсан найз нөхдийнхөө хэнийг нь ч гээж мартсангүй, одоо ч гэсэн тэдэндээ нэг л зангаараа. Хорь га­руй жилийн өмнөөс ардчиллын тө­лөө хамт зүтгэж явсан нөхөд нь өнөө­дөр  хэдийнэ улс төрөөс чөлөө авч, тэт­гэ­вэр­тээ гарчихсан нь цөөнгүй. Харин Б.Мөнхцэцэг мятаршгүй хэвээрээ. Энэ бол улстөрч хүний хамгийн чухал чанар. 

 

Хүний төлөө хүн

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга, “Туул” ротари клубын Ерөнхийлөгч гээд л  тэрээр хүний төлөө зүтгэдэг ажил албанд бага­гүй хугацаагаар ажиллаж байжээ. Дарга гэхээсээ илүү ядарсан зовсон хүмүүсийн зөвлөгч, туслагч, ивээн тэтгэгч нь болж хувирах нь олон. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байхдаа тусламж хүсээд ирж байгаа хүнийг гом­доож, сэтгэл дундуур буцаахыг тэрээр огт тэвчдэггүй байв. Түүнтэй уулз­сан хүн ч сэтгэл нь сайхан бо­лоод, итгэл дүүрээд л гарна. Хүнд үйлчилж байгаа төрийн байгууллага ийм л байх ёстой гэж тэрээр ярьдаг. Б.Мөнхцэцэг “Туул” ротари клубыг үүсгэн байгуулагчдын нэг. Тиймээс уг клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Ротари клуб бол дэлхий даяар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллага. Б.Мөнхцэцэг дарга ротари клубынхээ шугамаар БНСУ-ын ротари клубтэй хамтран “Хүүхдийн зүрх” төсөл хэрэгжүүлэн Монголд эмчилгээгүй гэгдсэн зүрхний төрөлхийн гажигтай олон арван хүүхдийг БНСУ-д аваачин хагалгаанд оруулж эрүүл саруул болгон амьдрал бэлэглэжээ. Хүнд туслах гэдэг түүний хамгийн дуртай ажил нь. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг үгийг түүнд хамаатуулан хэлж болох юм. Түүнийг зорьсон найз нөхөд, нутаг усныхны цуваа тасрахгүй. Тэдэнд тулгарсан асуудал, бэрхшээл бүхнийг  шийдэж өгөхийг хичээнэ. Тусалчих юмсан гэж чин сэтгэлээсээ хүснэ.

 

Нутаг амь

Түүний аав Дашбалбар сумынх. Харин ээж нь Баяндун сумын хүн байв. Б.Мөнхцэцэг өөрөө Цагаан-Овоо суманд төрж, 10 жилийн сургуулиа Чулуунхороот суманд төгсчээ. Улзын уужим цэнхэр хөндийд хаяа залгаж, ханаа шийрлэсэн таван сумыг аль алийг нь тэрээр төрөлх нутгаа л гэж боддог ажээ. Хүй дарсан тоонот, хөлд орсон газар шороо, ухаан сууж эрдэм номд шамдсан балчир насны өлгий, амьдралд хөл тавин алсыг зориход нь униартаж үлдсэн нутаг, Дорнын уудам талаа тэр шүтэн биширч, сэт­гэлдээ сүслэн залбирч явдаг. Тэртээ гу­чаад жилийн өмнө эрдмийн моринд дөрөөлж нутгаасаа мордсон буриад басган эдүгээ Дорнодоороо овоглосон нэртэй улстөрч, төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч, чадварлаг менежер болжээ. Агентлагийн дэд дарга, Сургалтын төрийн сангийн захирлын албыг хашиж байхдаа тэр нутгийнхандаа туслахсан гэсэн халуун сэтгэлийг үргэлж тээж явдаг байв. Өнгөрсөн дөрвөн жил Сургалтын төрийн сангийн захирлаар ажиллах хугацаандаа л гэхэд Дорнодынхоо олон зуун залуусыг төрийн сангийн зээл, тэтгэлэгт хамруулан, сурч боловсрох боломжийг нээж өгчээ. Тэдгээр залуус ирээдүйн Дорнодын хөгжлийг түүчээлэх чадварлаг мэргэжилтнүүд болно гэдэгт тэр эргэлздэггүй. Түүнч­лэн нутгийнхаа настан буурлуудыг амарч сувилуулахад нь дэмжлэг тус­лал­цаа үзүүлэхээс эхлээд Дорнодынхоо төлөө гэсэн бүхэнд сэтгэл, зүтгэлээ нэмэрлэж явааг нь олон хүн мэднэ. Тэр ийм л нутаг амьтай хүн. Тиймээс Дорнодынхон түүнийг манай Мөнхцэцэг л гэнэ. Бүр дотносохоороо манай Мөнөг гэнэ. Мөнөг гэдэг нь түүний багынх нь нэр. Төрж өссөн нутгийнхан нь, сургуульд суралцаж төгссөн сумынх нь хөгшид буурлууд, нэг ангийн найз нөхөд, үеийнхэн нь, хамт ажиллаж байсан хүмүүс нь бүгд л Мөнөг гэнэ. Энэ нь түүний бас л нэг тодотгол. Дорнодынхон илүү дутуу чимэггүй манай Мөнөг хэмээн элгэмсэж дуудна гэдэг түүнийг хүндэтгэж байгаагийн, бас дотночилж буйн илрэл. Олны хайр хүндлэлийг даана гэдэг энэ. Хайр, хүндлэл, магтаал, шүүмжлэл, жаргал зовлон аль алиныг нь дааж ирсэн хугараагүй ноён нуруу Б.Мөнхцэцэгт бий. Мөн түүнд уугуул нутгийнхаа зон олны итгэлийг даах тэнхээ, мэдлэг боловсрол, дадлага туршлага, оюуны цараа, мөн чанар бий.

 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.